Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам.долларын хосолсон нийт 2.0 их наяд төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон.
Харин өчигдөр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс олон нийтэд анх удаагаа санал болгон гаргаж буй энэхүү Эрдэнэс Тавантолгой бондын арилжааны цан цохих ёслол боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэх урт болон дунд хугацааны томоохон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэлээд ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, анхны хамтын хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөрийн бус нээлттэй арилжих боломжтой мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгох, гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин энэ удаагийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анх удаагаа дээр нь олон нийтэд санал болгон гаргахдаа хамгийн өндөр мөнгөн дүнтэй төгрөгийн болон ам.долларын хосолсон өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх гэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. Ингэснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо