Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн PCR шинжилгээний сөрөг гэсэн хариу халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэдгийг сануулав.
Тэрбээр “Аймгуудад халдвар тархаж байгаатай холбоотойгоор аймгууд өөрсдийнхөө зүгээс хэрэгжүүлж болох арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй.
Хэдийгээр 72 цагийн хугацаанд сөрөг гэсэн шинжилгээний хариутай иргэнийг нэвтрүүлэх ёстой гэсэн боловч энэхүү сөрөг байгаа хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг илэрхийлж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.
Тодруулбал, энэ сөрөг гэсэн шинжилгээ нь тухайн аймаг, орон нутаг руу явахад хамт зорчиж байгаа хүмүүст халдвар тараахгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа болохоос тухайн хүний халдваргүй гэснийг батлахгүй.
Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд халдварын голомт болсон Улаанбаатар хотоос зорчин ирж буй иргэдээ 14 хоног гэрийн хяналтад байлгаж, маш сайн хянах нь орон нутагтаа халдвар алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Халдварын нөхцөл маш их хүндэрч байна. Ялангуяа нийгмийн хамгийн идэвхтэй буюу 25-44 насны хүмүүс ихээр өвчилж байна. Хүйсээр нь ангилбал энэ дотор халдвар авсан эмэгтэйчүүд олон байна.
Энэ насны эмэгтэйчүүд гадуур их явж их ажил амжуулж, гэр бүлээ авч авдаг. Нийгмийн энэхүү идэвхтэй бүлэг хамгийн ихээр халдварт өртөж байна. Харин 60-аас дээш насны иргэд илүү их хүндэрч, нас барах эрсдэл бий.
Хэдийгээр ихэнх тохиолдол шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр байгаа ч гэртээ байгаа ахмад настандаа санаа тавьж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхийг анхааруулж байна” хэмээн онцоллоо.