Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны пүрэв гарагт Засгийн газрын ээлжит хуралдаж байна. Хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар урьдчилсан мэдээлэл өгөв.
Түүний мэдээллээр:
- “Хүүхдүүдэд вакцин хийх боломжтой эсэхийг үргэлжлүүлэн судалж байна. Харин жирэмсэн эхчүүд өөрсдийн сайн дурын шийдвэр дээр үндэслэж, “Pfizer” вакцин хийлгэж болно.
- Зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх чиглэл авч ажиллаж байна. Харин эх орондоо ирж буй монголчуудад заавал вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй.
- Орон сууцжуулах хөтөлбөрийг онцгойлон анхаарч ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тусгайлсан төрийн бодлого гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Нэг тулгамдаж буй бэрхшээл нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ бараг хоёр дахин өсөн. Энэ үнийг тогтворжуулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулна.
- Токиогийн олимпод оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Мөн олимпын шигшээ багийн тамирчдын цалинг зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, цаашид 1.2 сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Харин дасгалжуулагчдынх нь цалинг 1.5 сая төгрөг болгоно” гэж яригдлаа.