Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зээл олголт, вакцинжуулалт, үр тариа зэрэг асуудлаар хэлэлцлээ.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд;
- Ажлын байрыг дэмжих зээл- 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.
- Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл- 1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.
- Ипотекийн зээл- 3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авсан болохыг мэдээллээ.
Вакцинжуулалтын тухайд 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн 496, 880 хүн эхний тунд, хоёрдугаар тунд 1,330, орон нутагт эхний тунд 140, 535, хоёрдахь тунд 303 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд эхний тунд 637,415, хоёрдахь тунд 1,632, нийт 639, 047 иргэн хамрагджээ.
Түүнчлэн Ирэх намар 495 мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаан буудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар