Амьдрал Мэдээ ЯРИЛЦЛАГА

ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: ТӨР НЬ ИРГЭНДЭЭ ГОМДОЖ БОЛДОГ, ИРГЭН НЬ ТӨРДӨӨ ГОМДОЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙНА

-УЛСТӨРЧ ХҮН “ЗУЗААН АРЬСТАЙ, ДАРХЛААТАЙ” БАЙХ ЁСТОЙ. ЯАГААД ИЙМ ЖИЖИГХЭН ЗҮЙЛД ГОМДООД ӨӨРИЙНХӨӨ ДООР БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫГ ХӨДӨЛГӨӨД ЯВААД БАЙГАА ЮМ БЭ-


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаарх асуудал шуугиан болоод байсан юм. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар жүжигчин Б.Навчаа анх удаа манай сонинд ярилцлага өглөө.


-хздх-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтийг прокуророос танд хүргүүлсэн байсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-2020 оны хоёрдугаар сарын 19-ний Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий прокурорын тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж хаагдсан. Үүнд хоёр талаас гомдол гаргах хуулийн хугацаа гэж бий. Энэ хуулийн хугацаа дуусгавар болсон. Шийдвэр миний талд эерэг гарсан.

-Уг нь тухайн хуулийг хөнгөдсөн байна гэж та бичсэн болохоос Х.Нямбаатар сайдын нэр хүндэд халдсан зүйл байхгүй байсан шүү дээ. Таныг буруутгасан хуулийн зүйл заалт нь юу байв?

-Надад эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар эрүү үүсгэсэн. Хүний алдар нэр, албан тушаалын нэр хүндэд халдаж олон нийтэд илт худал гүтгэлэг, мэдээлэл тараасан гэж. Урьд нь энэ 13.14 дэх заалт зөрчлийн хуульд байсан юм билээ. Гэтэл энэ зүйл заалтыг 2020 оны нэгдүгээр сард дахин шинэчлээд эрүүгийн зүйл анги руу татаж оруулсан. Хүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгтэн болж явна гэдэг бол хүний нэр төр болон сэтгэл санаанд маш том хохирол учруулна шүү дээ. Ямар ч хүн байсан цаашдаа өсөж дэвжиж шинэ ажилд орох, гадаад явахад тодорхойлолт хэрэг болдог. Тэр үед урьд нь ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн ялтан гэж л гарч ирэх нь хамгийн аймшигтай. Уг нь зөрчлийн хуулийн 6.21-д байсан зүйл заалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр хуулийн төсөл боловсруулж эрүүгийн хэрэг болгож батлуулсан юм билээ. Энэ зүйл ангиар жирийн иргэн би яллагдах хэмжээндээ хүрээд шүүх рүү шилжиж байхад сэтгүүлч нар бүр ч их хохирол амсах магадлал өндөр байгаа. Энэ эрүүгийн хуулийн зүйл заалтыг эргэн харж засаж залруулах хэрэгтэй байна. Үзэл бодлоо илэрхийлэхийг тухайн хүнийг гутаан доромжлох, гүтгэх зэрэгтэй хольж болохгүй.

-Таны яриад байгаа гол асуудал бол эр..гийн хуулийн 12.5 дугаар з.йл заалт буюу 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол торгох арга хэмжээ авах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг нь хөнгөдсөн тухай шүү дээ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Би “Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хуульд насанд хүрээгүй охидыг х.чирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа. Энэ хуулийг 2017 онд баталсан байна. Нямбаатар ахалсан гэж хуульч хүнээс сонслоо. Хэн ч санаачилсан бай эсэргүүцнэ” гэж пост бичсэн. Эрүүгийн хуулийн 12.5-д 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14-16 насанд хүрээг.й болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Хуулийн номон дээрээ 2017 оны тавдугаар сарын 11-нд нэмэлт өөрчлөлт оруулав гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2015 онд Х.Тэмүүжин сайд байхдаа 12.5 дугаар зүйл заалтад өөрчлөлт оруулаад батлуулах гэтэл арай л дутуу боловсруулагдсан байна гээд буцаагдсан байгаа юм. Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болсон. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахалж ажилласан. Гэтэл 2002 онд энэ зүйл заалтын торгуулийн хэмжээ 5-30 сая төгрөг, 1-3 жилийн хорих ялтай байсан бөгөөд шийтгэл нь одоогийн хуулиас өндөр байсан. Ер нь би энэ хууль хамаагүй хөнгөдсөн талаар эх хүнийхээ хувьд ялладаг ч бай, торгодог ч бай 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болохгүй гэж л эсэргүйцээд байна. 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарахгүй гэдэг шигээ энэ хуулиа цэгцэлчихвэл яадаг юм бэ.

-Таныг шүүхэд дуудсаны дараахан та цахим хуудсандаа “За уучлаарай сэтгүүлчид минь, би шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Учир нь ХЗДХ-ын сайд миний хууль эрх зүйг дордуулж нэмж ял өгөх учраас. Харин шүүх хурлын дараа бол болно шүү. Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү гэж цагдаа намайг айлгасан” гэж бичсэн байсан. Энэ тухай тодорхой ярьж болох уу?

-Мөрдөн байцаалтын явцад хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэргийн нууцыг гадагш нь задруулахгүй байх ёстой байдаг. Намайг энэ хугацаанд өөрийн цахим хуудсандаа Х.Нямбаатар гэсэн нэр, эсвэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэж бичих юм бол шууд хэдэн сараар хорино гэсэн бичигт гарын үсэг зуруулсан. Би үнэхээр айсан. Тийм болоод ч бүтэн зургаан сар энэ хэргийн талаар чимээгүй явсан.

-Ер нь хэргийг хянан шалгах ажиллагаа тэнцвэртэй байж чадсан уу. Эсвэл аль нэг талд нь илүү үйлчлэх хандлага ажиглагдав уу?

-Ажиглагдалг.й яахав. Би дарааллаад гурван байцаагчийн царай харсан. Эхний байцаагч анх дуудахдаа “Өө, та яах гэж ийм зүйл бичсэн юм бэ. Хоёулаа үүнийг яаж ийж байгаад аятайхан зохицуулаад болгочих байх аа” гээд их сайхан зан ааштай хүлээж авсан. Эхний удаад гэрчээр мэдүүлэг авсан. Гэтэл нөгөө байцаагч маань хэдхэн хоногийн дараа намайг дуудаж мэдүүлэг авахдаа тэс өөр хүн болчихсон байсан. “Суу, бос, яах гэж ингэсэн юм, хэн юм, юу юм” гэх мэт тушаасан байдлаар хэзээний олон жилийн ялтантай ярьж байгаа юм шиг л надтай харьцаж эхэлсэн. Би үнэхээр гайхсан. Тухайн үед би “За за, Х.Нямбаатар удахгүй сайд болох гэж байгаа юм уу” гэж асуутал урдаас “Тэрийг би яаж мэдэх юм, надад ямар хамаатай юм бэ” гэсэн утгатай л юм ярьсан. Яахав, Х.Нямбаатар сайд болно гэдэг шум хамгийн түрүүнд хууль хүчнийхээ байгууллагуудаар тарчихсан байдаг юм шиг байгаа юм. Би тэгж л хардаж байна. Тэр шагналаа авсан байцаагчтай уулзаад “Та нар яагаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал явуулж болдоггүй юм бэ” гэж би хэлсэн. Шагналаа авсан байцаагч өөдөөс “Таны хэргийг хэрэгсэхгүй болгох ийм л хоёр арга байна. Гэхдээ Х.Нямбаатар сайдаас уучлал гуй гэж хэлж байгаа юм биш шүү. Та фэйсбүүк дээрээ энэ хууль аль дээрээс л байсан юм байна. Би буруу ойлгож явжээ” гэж бичээд скрийншот хийгээд аваад ир гэж хэлсэн. Тэгэнгүүт би “Чадахгүй ээ, яасан гэж ийм юм хийх юм бэ. Би ямар ч гэм буруугүй, наад хүний чинь нэр төрд халдаагүй” гэж хэлсэн. Гэтэл “Тэгвэл дараагийн арга нь чив чимээгүй л бай, юу ч бичихгүй, юу ч постлохг.й бай. Тэгээд энэ хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгая” гэж тэр байцаагч надад хэлсэн. Би эсэргүүцсэн. Эхний байцаагч одоо дарга болчихсон. Би бодохдоо энэ байцаагчийг шагналаа авсан гэж бодож байна. Хоёр дахь байцаагч нь үг дуугарах болгондоо л хорино, цагдана гэж ярьж сэтгэл санаагаар маш их унагаасан. Харин гурав дахь байцаагч нь нөгөө хоёрыгоо бодвол хамаагүй дээр байцаагч байсан.

-Олон сарын турш шүүх цагдаагаар явсан. Ямар өмгөөлөгчидтэй хамтарч ажилласан бэ?

-Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хугацаанд гурван өмгөөлөгчийн царайг үзсэн. Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн яамны сайд болонгуут өмгөөлөгчид маань “За больё, уучлаарай. Би өмгөөлж чадахгүй нь ээ. Наад хүн чинь зуумтгай хүн. Яг үнэнийг хэлэхэд би энэ хүний эсрэг байлдаж чадахгүй нь ээ. Харин ард чинь зөвлөөд өгье” гэж хэлээд явсан. Үнэндээ миний ард хэн зөвлөх ямар хамаатай юм бэ. Ил гарч ирээд, миний хажууд цуг явах өмгөөлөгч л надад хэрэгтэй болохоос ард мянган удаа зөвлөөд яах юм бэ. Ард байгаа хүн хэзээ ч урваж магадгүй шүү дээ. Маш олон өмгөөлөгчидтэй уулзсан, бүгд ажилтай, амжихгүй, эсвэл өндөр үнэ хэлж зугтсан. Тэр байтугай яг ийм хэргээр миний өмнө ял шийтгэл авсан Ганзаяа гэх эмэгтэйн өмгөөлөгч шүүх хурал болохын урьд өдөр нь тэгье ингэе гэж тохирчихоод яг шүүх хурал болдог өдөр утсаа салгаад алга болсон. Үнэндээ Монголд шударга өмгөөлдөг өмгөөлөгч ховор байна. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын албан тушаалаас хууль цагдаагийн байгууллага, намайг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар хүртэл айж байна. Ингээд яалт ч үг.й дахин хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж, ярьж байж гурав дахь буюу эцсийг нь хүртэл надтай хамт явж байгаа өмгөөлөгчөө сонгож авсан. Яг нэг хүн шиг байж өмгөөлөл үзүүлж ялалт байгуулсан н.Батбаяр, н.Баярмаа хоёртоо маш их баярлалаа. Ер нь шударга хэлье, энэ хэрэг Х.Нямбаатарыг сайд болохоос нь өмнө хаагдсан. Харин сайд болсны дараа дахин сэргэсэн. Үүнээс хойш цагдаа прокурор сайдынхаа талд орж, надтай хүнлэг бус харьцсан.

-Таны бичсэн пост ял авахаар хэмжээний зүйл байсан уу гэдэг талаар хуульч, өмгөөлөгчдөөс яриа авъя гэхэд дуугарах хүн цөөхөн байсан шүү?

-Тийм ээ. Энэ бол Монголчууд албан тушаал гэдэг зүйлийг мөнхийн юм шиг бодож хаан шиг өргөмжилдөг муухай зангийн илрэл. Үүнийг л халах хэрэгтэй. Эсвэл тэр хүн энэ хэрэгт нөлөөлөөгүй байж болно шүү дээ. Зүгээр л тэр хүнийг сайд болчихсон гээд өмнөөс нь гүйгээд байгаа хүмүүс байхыг би үгүйсгэхгүй. Тэр тусмаа Х.Нямбаатарын өмгөөлөгч Г.Даваахүү гэгч этгээд бий. Тэр анх зургадугаар сарын 9-нд намайг мөнгө тараалаа гэж гүтгэж кино шиг зүйл хийж фэйсбүүкээр цацаж, цагдаагийн газар өгч шалгуулсан байдаг. Намайг гэм буруугүй гэдгийг хууль цагдаагийн байгууллага тогтоосон. Үүний дараа өс хонзон санаж дөрөвдүгээр сарын 26-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн постыг фэйсбүүкээс ухаж олоод цагдаад өгсөн хүн бол Г.Даваахүү юм. Түүнчлэн миний шүүх хурлыг товлочихсон байсан. Энэ Г.Даваахүү гэдэг өмгөөлөгч энэтхэг кинон дээр гардаг өшөө авахын хилэн болчихсон л хүн байдаг юм. Түүнээс гадна намайг мөнгө авсан байж магадгүй, миний дансанд хууль бус мөнгө орж ирсэн байна уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн хяналтаас шалгасан. Сүүлд нь мэргэжлийн хяналтаас “Хоёр удаа таны дансыг шалгалаа, хоёр удаа энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан шүү” гэж хэлж байгаа юм. Үүнийг ч тэр Г.Даваахүү гэж өмгөөлөгч шалгуулсан байдаг. Мэргэжлийн хяналтаас надад ямар ч бохир зүйл алга, хууль бус мөнгө орж ирээгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ мэт намайг зургаан сараас хойш л “мэрээд” байгаа юм. Ер нь тэр пост бол би эх хүнийхээ хувьд эмзэглэж оруулсан цэвэр өөрийн үзэл бодол. Ер нь бол арванхоёрдугаар сарын 14-нд яллах дүгнэлт аваад фэйсбүүктээ пост бичээгүй бол өдийд шүүхээр орчихсон яваа. Тэр постыг маш олон иргэд цааш нь түгээсний улмаас хууль хяналтын байгууллага хараад энэ хэргийг чин үнэнээр шүүхг.й бол маш их эсэргүүцэлтэй тулж магадгүй гэж миний хэргийг үнэнчээр шалгасан байх гэдэгт итгэдэг.

-“Puplic Figure” буюу олон нийтийн зүтгэлтэн, улстөрч нэр бүхий албан тушаалтнууд өөрийнх нь талаар ямар ч мэдээлэл гарсан шүүхэд хандах эрхгүй байдаг юм билээ. Гэтэл дээхнэ энэ асуудлын талаар хуульчаас яриа авахад өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд нэлээд хэдэн хүн дуудагдсан гэж байсан. Тэр хүмүүсээс тантай холбогдсон уу?

-Холбогдсон. Шүүхээр ороод эцэслэн шийдвэрлэгдсэн гурван хүн байгаа. н.Ганзаяа гээд сэтгүүлч, нөгөөх нь Ариука гээд залуу бий. Энэ хоёр хоёулаа 13.14 д.гээр зүйл ангиар ял авчихсан байгаа юм. н.Ганзаяа хэлэхдээ миний өмнө нэг хүүхэн таслуулсан гэж ярьж байсан. Түүнээс гадна одоо байцаагдаж байгаа нэг охин надтай холбоо барьсан. Тэр охин нөхөртэйгөө хамт Сайншандад амьдардаг. Байцаагдах гэж хаа байсан Шандаас Улаанбаатар хотод ирдэг. Буцаад явах гэхээр хөл хорио гээд хоригдчихдог. Тэр охины хэрэг дахин сэргээд одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй юм шиг байгаа юм. Фэйсбүүк дээр явж байсан юмыг скрийншот хийгээд дээр нь “Би охин хүүхэдтэй учраас энэ хүнийг дэмжихгүй” гэж бичсэн байгаа юм. Гэтэл энэ өгүүлбэрээс болж ял авах гэнэ. Тэр бүсгүй сэтгэл санаагаар унаад бие давхар байснаа мэдэхгүй зулбасан байх жишээтэй. Ер нь бүгд л олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн айдастай байгаа байх. Нийт арав гаруй хүн байгаа юм шиг байна лээ.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Улаан бал” нэвтрүүлэгт “өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт надтай хамт нэр дэвшсэн нэр дэвшигчид энэ гүтгэлгүүдийг зохион байгуулалттай явуулсан. Энэ ажлуудыг гардаж явуулсан хүмүүсийн нэг бол жүжигчин Б.Навчаа” гэж хэлсэн. Та энэ тухай тайлбарлахгүй юу?

-Харин тэгээд байгаа юм. Намайг пост бичсэний дараа Х.Нямбаатар сайд өөрийн фэйсбүүк хуудсаар бичлэг хийж намайг гүтгэсэн. Тэгээд удалгүй “Улаан бал” нэвтрүүлэгт орсон. Миний таамгаар бол бушуухан энэ нэвтрүүлэгт оръё, Навчаа гэх хүүхний пост миний нэр хүндийг унагах гээд байна, энийг л хэн ч биш болгоё гэж бодсон юм шиг байгаа юм. Бүхэл бүтэн Монгол Улсын хуулийг толгойлж байгаа, хууль зүйн сайд нь жирийн нэгэн иргэнийг гүтгэж, нэр хүндийг минь олон нийтийн сүлжээгээр гутаасан. Би үүнд маш их гомдолтой байгаа. Тайлбарлахад, нэгдүгээрт би сонгуулийн үеэр мөнгө тараагаагүй. 2020 оны зургадугаар сарын 9-ний өдөр жазз дуучин Хулан над руу яриад “Эгч ээ, Б.Пунсалмаа эгч дэвшиж байгаа учраас манайхан ах дүү нараараа гар бие оролцож байгаа юм. Сонгогчидтой очоод уулзъя гэхээр намайг хүмүүс танихгүй байна. Таныг хүмүүс их сайн танина” гэж ярьсан. Би Хулангийн аавынх нь хамаатан. Харин Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байгаа хүн нь Хулангийн ээжийнх нь талын хамаатан. Тэгэхээр нэр дэвшигч бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс байгаа биз. Пунсалмаа нь хоёр гурван кино спонсорлож байсан гэж сураг сонссон. Гэхдээ миний кинонд оролцож байгаагүй. Хожим нь надад тусалж магадгүй гэж бодсон. Ингээд тухайн үед би зөвшөөрөөд сайн санааны үүднээс гурван удаа хамт явсан. Бид хоорондоо мөнгө өгөлцөж авалцсан зүйл байхгүй. Ингэж тусалж явж байхдаа Ханын материалын автобусны буудлын ойролцоо байдаг найзынхаа цайны газар луу орох гэсэн хоёр гурван хүн “Архины мөнгө өгөөч” гээд л шавсан. Тухайн үед яг МАН-ынх нь өөрийн үүдэнд мөнгө гуйсан хүмүүст задгай 2000, 3000 төгрөгөө л өгсөн байдаг. Энэ явдлыг хэн нэгэн бичлэг хийгээд Х.Нямбаатарын пиарын багт л аваачиж өгсөн хэрэг. Ингээд намайг зургадугаар сарын 9-ний өдөр жүжигчин Б.Навчаа мөнгө тараагаад байна гэж цагдаагийн газарт өгсөн. Цагдаагийн газар өгөхийнхөө өмнөх өдөр жүжигчин Б.Навчаа бол дуучин Т.Баясгалангийн найз, Кёкүшюзаны гурван тэрбум төгрөгийг тарааж явна” гэсэн утгатай кино шиг юм хийчихсэн цахим сүлжээгээр санаатай тараасан. Жинхэнэ гүтгүүлсэн хүн нь би биз дээ. Ингээд камер шүүсэн, өнөө хүмүүсээс байцаалт аваад нээрээ архины мөнгө өгсөн, ямар ч сонгуультай холбоотой зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед “Хэрэг чинь хэрэгсэхгүй болсон, хаагдсан шүү” гэж надад хэлсэн. Тэр хэрэг хэрэгсэхгүй болсон, хаагдсан гэсэн бичгийг нь аваагүй, одоо бодоод байхад авдаг байж. Одоо тэрийг авах гэхээр олдохг.й байгаа юм. Яагаад гэхээр тэрийг Х.Нямбаатар сайд олуулахгүй байгаа гэж хардаж байна. Намайг мөнгө тараагаагүй гэдгийг Х.Нямбаатар сайд маш сайн мэдэж байгаа хэрнээ мөнгө тараасан гэж цоллодог нь яаж байгаа юм бэ. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүн бүхэн намайг мөнгө тараадаг гэж ойлгосон. Гудамжаар явж байхад “өөрөө мөнгө тараасан юм байна лээ, тийм үү” гэж асуугаад байгаа юм. Би ямар хүн болгонд хүрч очиж мөнгө тараагаагүй гэдгээ тайлбарлалтай биш. Түүнээс гадна УИД-ийн өмнөх жагсаал цуглааныг зохион байгуулсан гэж бас гүтгэж байна лээ. Ямар жагсаал цуглаан болсныг ч би мэдэхгүй. Бас болоогүй “14 настай хүүхдийг х.чиндэгч Х.Нямбаатар новш оо чи зайл” гэж бичсэн гэж хэлсэн. Үнэндээ миний бичвэрт нэг ч тийм үг байхгүй. Тэр битгий хэл хэн нэгэн хүн рүү тэгж бичсэн мессэж ч байхгүй. Огт бичээгүй, хийгээгүй үйлдлээр хүний нэр төрийг гүтгэсэн.

-Энэ үйл явдал өрнөсөн хугацаанд таны гэр бүлийнхэн танд маш их санаа зовсон байх. Иргэд ч цахим орчноор таныг өмөөрсөн, таны талд байгаа гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлж байсан?

-Би маш их сэтгэл санааны дарамтад орсон. Зөвхөн би ч биш миний эргэн тойрны гэр бүл, ах дүү, дотны найз нөхөд бүгд шаналж байна. Одоо манай гэрийнхэн маш их айдастай “Навчаа минь гуйж байна, битгий фэйсбүүктээ юм бичээрэй” гээд хөгшин настай аав минь хүртэл хүрч ирж гуйгаад явсан. “Чи хэзээ ч энэ сайдыг барахгүй ээ, хэрэггүй” гэсэн зүйлийг л яриад байгаа юм. Гэхдээ энэ нь маш буруу байхгүй юу. Олны танил гээд онцолж аваад надад ял өгчихвөл ар талд нь тав зургаан мянган иргэн хохирно. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ хэн нэгэн рүү дайрч, муухайгаар хэлээд байгаа зүйл байхгүй шүү дээ. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хааж байна гэдэг бол асар том эмзэглэл юм. Зөвхөн миний хэрэг шийдэгдчихсэн, одоо болсон гээд өөрийн амин хувиа хичээгээд чимээгүй байж болох л байх. Гэхдээ миний ард арав гаруй хүн цагдаагийн байгууллагад шалгагдаад байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг хөндмөөр байна. Ер нь улстөрч хүн “зузаан арьстай, дархлаатай” байх ёстой. Яагаад ийм жижигхэн зүйлд гомдоод өөрийнхөө доор байгаа байгууллагуудыг хөдөлгөөд яваад байгаа юм бэ.

-Та Х.Нямбаатар сайдыг хүний нэр төрд халдан гүтгэж, сэтгэл санаа эд хөрөнгийн хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Би аль 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд Хан-Уул д..ргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гэтэл Х.Нямбаатар сайдыг одоо болтол нэг ч удаа дуудаж байцаагаагүй. Сайд нь дуудахад нь очоогүй юм уу, цагдаа нар нь хэлээгүй юм уу, тодорхойгүй. Иргэн Навчааг бол тэр өдөрт нь шууд дуудаад байцаагаад л арван сар тарчлааж байгаа юм. Ирэхгүй бол албадан ирүүлнэ гэж дарамталж болж байна. Ийм муухай ялгавартай хандаж болдог юм уу. Үндсэн хуулиараа хүн бүхэн тэгш эрхтэй шүү дээ. Үнэхээр шударга, ёс зүйтэй хүн юм бол иргэнээсээ уучлалт гуйгаад, хуулийнхаа хариуцлагыг хүлээгээд очоод мэдүүлгээ өгчих. Би шүүх цагдаагаар хөөцөлдсөн арван сарын хугацаанд нэг ч удаа уран бүтээлд тоглоогүй. Хоёр гурван гэрээ буцсан. Өвдөөд эмнэлгээр явсан, гурван өмгөөлөгчийн хөлс төлсөн, энэ мэтчилэн сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш их хохирол амссан. Одоо надад өмгөөллийн нөхөрлөл хэрэгтэй байна. Эргээд Х.Нямбаатарын эсрэг явж, нэр төрөө сэргээлгэж хууль цагдаагийн байгууллагаар явахад өмгөөөллийн баг чухал хэрэгтэй байна. Даанч энэ хугацаанд орлого олсонгүй, хуульч авах мөнгө алга. Мөнгөнтэй байсан бол маш сайн баг авмаар байна. Ер нь тэгээд бүх зүйл тодорхой шүү дээ. Сайдыгаа дуудаж байцаана гэж хаана байхав, сайд нь очиж байцаалт өгнө ч гэж юу байхав. Тэгсхийгээд удахгүй миний гомдлоор үүссэн хэргийг хаах байлгүй дээ. Төр нь иргэндээ гомдож болдог, иргэн нь төрдөө гомдож болдоггүй энэ муухай тогтолцоог л халмаар байна. Эцэст нь хэлэхэд, сайд аа!!! Та надаас уучлалт гуйгаасай.

ЭХ СУРВАЛЖ: DNN.MN

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!