МАН-ын есөн гишүүнийг хуулбайгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн Амарбаясгалан өчигдөр мэдэгдсэн.
Улмаар тэднийг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Хэрвээ дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна хэмээсэн юм. Тэдний тав нь өдгөө УИХ-д сууж буй эрхэм билээ.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр сэтгүүлчид эрхэм таван гишүүний амыг асууж амжив. Тэд бүгд гүтгүүлж, гүжирдүүлж байгаагаа хэлж, хуулийн байгуулагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоно хэмээж байлаа.
НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮН:
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Ч.УНДРАМ: Миний аав олонд хүндлэгдсэн бизнес эрхлэгч хүн. Би аавдаа хайртай. Аав минь дэлхийн аль ч санхүүгийн байгууллагаас зээл аваад түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулаад өргөжүүлэхээр ирсэн. Миний аав мөнгөтэй биш номтой хүн болгохоор хүмүүжүүлсэн учраас бизнестээ намайг оролцуулдаггүй. Аав маань нойргүй хонож, охиндоо санаа зовсон. Бүх юмаа шавхаад энд тэндээс зээлж, авсан зээлээ эргүүлэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй байгаа. Намайг энэ зээлтэй холбоотой гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллага намайг шалгаасай гэж хүсэж байна. Одоогоор шалгуулах хүсэлтээ өгөөгүй байгаа.
С.БЯМБАЦОГТ: Асуудал байхгүй шалгуулна. Зээлд нөлөөлөөгүй. Нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан техник урсрах ажилчид нь ирээгүй байгаа юм билээ.
Г.ДАМДИННЯМ: Нам хүнийг гэмт хэрэгт холбогдсон эсэхийг тогтоодог байгууллага биш. Би өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу хуулийн байгууллагад шалгуулна, асуудалгүй. Надад шалгуулах зүйл байхгүй л дээ. Хүмүүсийг хараг, үзэг гэж бодоод сууж байна. Ашгүй, шалгуулъя гэж олзуурхаж байна. Миний УИХ гишүүн биш байсан 2018 оны асуудлыг холбоод байгаа шүү дээ. Бизнесийн үйл ажиллагаанд иргэний хувиар оролцож байсан асуудлыг хамаатуулах нь буруу. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд бол би ямар ч хамаарал байхгүй. Яагаад хуулийн байгууллагад шалгуулахгүй хүлээж байсан бэ гэхээр, шалгана биз, дүгнэлтээ хийнэ биз гэж хараад сууж байсан. Өнөөдөр юм уу маргааш шалгуулах хүсэлтээ өгчихнө өө. Ер нь үнэхээр хулгай, албан тушаалын гэмт хэрэг хийчихсэн, зээлээ төлөхгүй, луйвар хийсэн хүмүүстэй хариуцлагыг хатуу тооцох ёстой. Үнэхээр ажлын байр бий болгож, татвар төлж ирсэн, цар тахлын улмаас хүндэрсэн ААН-үүдийг бол харж үзэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа.
Л.ЭНХ-АМГАЛАН:“Монгема” компани надтай ямар ч хамааралгүй. Нэг ч төгрөгийн холбоогүй. Би муур нохойн хоолны бизнес хийгээд дөрөв, таван тэрбумыг хулгайлах хүн мөн үү.
Х.ГАНХУЯГ: Зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Зээл авах үед нь ч улс төрийн алба хашдаггүй мөн хаших эсэхээ ч мэдээгүй байсан. Тус зээлэнд улс төрийн нөлөөлөл үзүүлэх ямар ч үндэслэлгүй тухайгаа МАН-ын хяналтын хороонд тайлбараа ч хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн байна.