Бурхан багшийн их дүйчэн өдөр билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу маргааш (2022.06.14) тохионо.
НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улсын УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан учир бүх нийтээрээ амарна.
Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ үргэлжилж байна. Шинийн наймнаас эхэлсэн бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа 15-ны дуустал үргэлжилнэ.
Харин маргааш буюу Бурхан багшийн их дүйчэн өдрийн үйл ажиллагаа уламжлал ёсоор сүрт жагсаал, бясалгалын флашмоб, ёслолын арга хэмжээнээс бүрдэнэ.
“Энэрэл хайр түгээе” уриатай жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү чиглэх бол ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд зохион байгуулагдана.