Амьдрал Мэдээ ЯРИЛЦЛАГА

Р.Эмүжин:Би орондоо бүрэн утгаар нь жаргаж чаддаг эмэгтэй

Хорь ч хүрээгүй насандаа “Хонгор хүү минь чи намайг энхрийл, Хориглож байсан ч даашинзыг минь тайч” гэж шүлэглэж байсан найрагч бүсгүй өдгөө 40 насыг давжээ. Хорь ч хүрээгүй Эмүжинг ийм янаг тачаангуй, дурламтгай мөртүүд тодорхойлж байсан бол энэ насны Эмүжинг эх орны тухай мөртүүд эзэгнэх боллоо. Гэхдээ тэр яруу найргийн охин тэнгэр хэвээрээ, яг л тэр 20 нас шигээ намба суусан гоо үзэсгэлэн нар мэт гэрэлтүүлэх аж. Шаргал долгилсон гэзгээ шанх дагуулан урсган, над шиг омголон, эрх дураараа гүнжийг хаанаас чи олох юм хэмээн омог бардам өгүүлэх мэт дэггүй дэрвэгэр нүд өмнө минь нухацтайхан ажин сууна. Ийм нэгэн сайхан найрагч бүсгүйтэй цөөн хором ярилцах завшаан тохиолоо. Гэхдээ бид энэ удаа эр хүн, эхнэр нөхөр, хоёр дахь амьдрал, хайр сэтгэлийн талаар ярилцлаа.    

-Танд энэ оройн мэнд хүргэе. Эмүжин сүүлийн үед нэлээн завгүй, ажил ихтэй байна. “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжиг тавьж, МУГЖ Б.Сарантуяагийн амьдралаар ном хүртэл бичлээ. Жүжгийн зохиолоосоо яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. 15, 16 хоног жүжиг маань тоглогдоод дууслаа. “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийг хийсэн Б.Ундармаа бид хоёрын хувьд өнөөгийн нийгмийн эмэгтэйчүүдийн хувцсыг биш, сэтгэл зүрхийг нь тайчъя, тэдэнд бодитоор тулгарч буй, хүн бүхний амьдралд байдаг, тэр болгон нээж яридаггүй, нөгөө талаар төдийлөн шийдэгдээд байдаггүй сэдвийг хөндье гэж бодсон. Учир нь хүн бүхний амьдралд нулимс, баяр дагуулдаг хоёрдмол гэр бүл, нууц амраг гэх асуудал байна. Асуудлууд байгаад байдаг мөртлөө түүнийгээ нүцгэн үнэнээр шууд уран бүтээлээр яагаад гаргаж ирж чаддаггүй юм бэ гэдэг үүднээс энэ жүжгийн зохиолыг бичсэн. Ямартай ч жүжиг маань зорилгодоо хүрсэн. Хэлж байгаа өгүүлэмж, хүмүүст үлдээж байгаа бодол, бодрол, ухаарал, цаашдын амьдралдаа хандах хандлагад нь эерэгээр нөлөөлж чадахуйц уран бүтээл болсон.

-Их сайхан уран бүтээл болсон гэж үзэгчид ам сайтай байна билээ. Дандаа эмэгтэй уран бүтээлчид хамтран ажилласан байх аа?

-Дандаа эмэгтэй уран бүтээлчид хамтран ажилласан. Улсын Драмын эрдмийн театрын найруулагч Баясгалан, жүжигчин Ундармаа, Идэрмаа, ая зохиогч Ангирмаа, дуучин Отгонжаргал маань гол дүрийн жүжигчинтэй хамтран дууг нь дуулсан. Яагаад эмэгтэйчүүд хамтран ажилласан бэ гэхээр “Бидний зүрх сэтгэлээс үүссэн, хүссэн жүжиг юм шүү” гэдэг мессэж нь хүмүүст юм бодогдуулаасай гэж бодсон. “U film”-ийн захирал Б.Ундармаагийн маань санаа л даа. Б.Ундармаа маань хүмүүсийг нэгтгэж, удирдан зохион байгуулж сурсан, хөдөлмөрч, дайчин эмэгтэй. Тиймдээ ч зорилгоо нэгтгэсэн ийм туршлагатай баг, хамт олноос бүрдсэн уран бүтээл маань үзэгчдийн сэтгэлд нэгийг бодогдуулсан болов уу гэж бодож байна.

-Ер нь яагаад заавал “Ангарагаас ирсэн эмэгтэй” гэж нэрлэсэн юм бэ, Сугар гарагаас ирж болоогүй юм уу?

-Ангараг гараг дээр үнэхээр бие биедээ хайртай болсон хосууд хүүхэдтэй болдог юм гэнэ лээ гэж жүжгийн төгсгөлд гардаг. Жинхнээсээ хайргүй, зүгээр зугаалж яваад, хэн хэнээсээ эрх ашиг харж, эсвэл цаг зуурын шохоорхолд автаад үртэй болсон тохиолдолд хүүхдийн хувь тавилан яаж эргэх вэ. Цаашид хоёр газар хөндөгдөж байгаа хоёр айлын амьдрал яах вэ гэдэг чинь шүдний өвчин болчихоод байна шүү дээ. Энэ сэдвүүдийг хөндсөн.

-Чин сэтгэлийн хайраас үүсээгүй хүүхдийн хувь тавилан яаж эргэнэ гэж та хэлээд байна вэ?

-Энэ жүжигт хүүхдийн хувь тавиланг хөндөөгүй. Тэр байтугай жүжгийн явцад тухайн хоёр бүсгүйн сэтгэлийн зовлон, шаналал, жаргал зовлон болчихоод байгаа залуу тайзан дээр ч гарч харагдахгүй. Тэртэй тэргүй амьдралд үүсчихээд байгаа асуудлуудыг л бид гаргаж тавьсан болохоос биш, хүн болгоны амьдрал руу ороод тэнд ямар нэгэн шийдэл олоод, эсвэл хэн нэгний амьдралыг хөндлөнгөөс шүүгээгүй. Энэ жүжгийн зохиолын санааны хувьд хаанаас нь ч харсан чамбай, өө олохын аргагүй бодрол үлдээсэн бүтээл болсон.

Магадгүй энэ бүтээл өнөөгийн нийгмийн хүн бүрийн зүрхэнд шившсэн зүү, зүрхнээс ниссэн шувуу, зүрхэнд үүрлэсэн хайр, зүрхнээс алдуурсан дурлал гээд олон сэдвүүдийг хамруулж чадсан.

-Яг л өнөөгийн нийгмийн чухал сэдвийг хөнджээ. Бүгд л амьдрал үзсэн сайхан бүсгүйчүүд уран бүтээл дээр хамтран ажиллаж. Магадгүй өөрсдөө ч тэр амьдралыг үзсэн байхыг үгүйсгэхгүй?

-Уран бүтээлийн баг болж ажилласан найруулагч, жүжигчин, зохиолч эмэгтэйчүүдээс гадна Б.Ундармаагийн нэг онцлог нь маш олон хүнээс санаа, бодлыг нь сонсож чаддаг. Жолооч, оёдолчин, зүгээр кофений ширээний ард суусан бүсгүйчүүдийн яриаг ч сонсож, анализ хийсэн.

-Зохиолчийн хувьд хоёр амьдрал, нууц амрагийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Хоёр амьдралын дунд явдаг эрчүүд ч цөөнгүй болчихоод байна шүү дээ?

-Хоёр амьдралын дунд явдаг эмэгтэйчүүд байдаг уу /инээв/.

-Тэр ч бараг байхгүй байх шүү?

-Би ингэж боддог. Анхнаасаа тэр хосууд хэн нь ч хэний ч шахалтад орохгүй, хэний ч оролцоогүйгээр гэр бүл болсон шүү дээ. Үүний дараа ямар нэгэн байдлаар сэтгэл зүрхээ буруулсан бол, салах шалтгаантай болсон бол албаар хамт амьдраад байх шаардлага байхгүй. Өөрсдийгөө хүчлээд, албаар амьдрах тусам тэр амьдрал чинь шорон шиг, там шиг болж хувирна. Хэрэв тийм мөчлөг дээр ирсэн бол хоёр тийш болохоос өөр аргагүй болдог. Миний хувьд ч гэсэн ийм амьдралуудыг туулсан.

Хүн өөрөө аз жаргалтай байгаад, өөрийг нь үнэхээр чин сэтгэлээсээ хайрладаг, өөрөө бас хайрлаж чаддаг тийм хүнээ олвол хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх амьдралаа зохиог л дээ. Тэр бол тухайн хүний сэтгэл зүрхний асуудал. Тэртэй тэргүй таарч тохирохоо болсон амьдралыг төмөр гинжээр холбоод, чөдөрлөөд, хүчээр байлгаад байх тусам тэнд таагүй байдал үүсдэг. Хэрүүл, зодоон, хардалт, хүйтэн хандлагууд, үр хүүхдийн хүмүүжилд ч асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Хүн яагаад хэл амаараа ярилцаад шийдчихэж болох юмыг он жилүүдийн туршид хүйтэн гэр бүл бий болгож, хүйтэн амьдрал дотор мөсөн хатан болтлоо сууж байх ёстой юм. Сэтгэл зүрхээ мөсөн унжлага шиг хөлдөж дуустал хүлээх ёстой юм уу. Тэгэхээр аливаа таагүй зүйлийг үзэхээсээ өмнө, түүнийг туулахаасаа өмнө болчихож чаддаг байх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд маань ихэвчилэн үр хүүхдээ бодоод тухайн хөрчихсөн гэр бүлдээ цэг тавьж чаддаггүй шүү дээ. Үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг, хариуцлага яах вэ?

-Манай эмэгтэйчүүд үр хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чадахгүй юм аа, түүнээс биш намайг тэгж ингэж гомдоож байсан гэж яридаг. Үр хүүхдээ бодож байгаа бол зүгээр салчих. Яагаад, ямар гэм хийсэн гэж тэр үр хүүхэд хэрүүлтэй, таарамжгүй, хардсан гэр бүлд өсч, торних ёстой юм. Ингэснээрээ харин ч бид үр хүүхдээ сэтгэлзүйн доголдолтой болгож байна. Яг энэ асуудлыг гадныхан маш эвтэйхэн шийдчихсэн байдаг. Салдаг, хүүхэд нь аав дээрээ очдог, ээж дээрээ ч очдог. Чөлөөтэй, ямар ч байсан сэтгэл зүрх эмтрээд байхааргүй, шаналаад шархлаад, сорвилоод байхааргүй харилцааг авч үлдэж чадсан байдаг. Сонголт хийе л дээ. Салчихаад үр хүүхэд чинь аавтайгаа ч, ээжтэйгээ ч уулзаад, аав, ээж хоёр маань ойлголцоогүйгээс болоод салсан юм байна гэдгийг ойлгоод, ухаараад амьдарсан нь дээр үү. Эсвэл таардаггүй ээж, аав хоёрын дунд, таарамжгүйгээсээ болоод архи уудаг аавыг царайчилж, таалагдаагүйгээсээ болоод хаалгаа шиддэг, үглэдэг, яншдаг ээжийн үгийг сонсож, тэдний зодооныг сэтгэл зүрхээрээ туулж, мэдэрч өссөн нь дээр үү. Ийм орчинд өссөн үр хүүхэд хэн болж төлөвших вэ.

Гэр бүлийн асуудал гэдэг тухайн хүний сэтгэлзүйтэй маш их холбоотой. Манайд сэтгэлзүйн анагаах ухаан сайн хөгжөөгүй гэж хувьдаа боддог. Түүнээс болоод эмэгтэйчүүд нь нөхрөө хүүхдээрээ барьцаалдаг, нэг бол нөхөр нь байр байшингаараа эхнэрээ барьцаалдаг. Нэг гэрт байтугай нэг аймаг, хотод ч багтахаа байсан мөртлөө албатай юм шиг өөрсдөө эвдрээд, гэр бүлээ эвдээд, хүүхдийнхээ сэтгэл зүрхийг хана руу бяц шидэж, шил шиг бутлаад амьдардаг.

 “Би хүүхдээ бодоод амьдраад байгаа юм аа” гэх хувиа хичээсэн үгний чинь цаана хэн юугаар хохироод байгааг маш сайн бодох хэрэгтэй. Харин нууц амрагийн тухайд асуусан асуултанд хариулж мэдэхгүй юм. Хувь хүнийхээ хувьд над шиг бардам, дураараа, зоргоороо эмэгтэй хэзээ ч бусдын нууц амраг байж чадахгүй, тэвчихгүй, хүлцэхгүй.

-Та бас өөрөө хоёр дахь амьдрал үзсэн шүү дээ. Гэхдээ огт харамсдаггүй бололтой?

-Чи надад яг тулгаж асуулаа л даа. Би хоёр амьдрал үзсэндээ харамсдаггүй. Гурав, дөрөв дэх амьдралыг ч зохиохоосоо айхгүй. Ер нь яагаад айх ёстой гэж. Ганцхан олдсон 60, 70, 80-хан жилийн амьдрал байна шүү дээ. Алийн болгон аль юмнаас айж, аргал хөдөлсөн ч сүрдэж явдаг юм. Алаг хорвоог өөрийнхөө туулчихаад эмгэн болсон хойноо хийсэн алхамдаа харамсахгүйгээр сэтгэл амар нүд анья л даа. Хайргүй хүнийхээ дэргэд нүд анимааргүй байна. Намайг хайрлахгүй байгаа хүнээр хөнжлөө хучуулаад ертөнцөөс буцмааргүй л байна даа. Яг энэ амьдралыг хэнтэй өнгөрүүлэх вэ, яг энэ он жилүүдийг хэнд зориулах вэ, эцсийн эцэст энэ дэлхий ертөнцөд хүн төрлийг олж төрчихөөд буцахын цагт миний дэргэд хэн байх ёстой юм бэ, тэрийг ч бодох ёстой.

-Хайр сэтгэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Эмгэн, өвгөн болсон ч хүмүүс бид дурлаж, хайрласаар л байдаг болов уу?

-Хүн хүнээсээ л шалтгаалах байх. Бичсэн хайрын шүлгүүдээр минь намайг төсөөлөөд байдаг тал бий. Гэтэл энэ чинь өөр шүү дээ. Шүлэг бичих тоолондоо дурлаад, дурлах тоолондоо шүлэг бичнэ гэж юу байх вэ. Хэдийгээр хүний сэтгэл зүрх дэлхий ертөнцийн дээгүүр хэдэнтээ эргэж чадах агуу, уудам боловчиг бие биенээ олж харах харц, нэгэндээ дурлах дурлал, хайрлах хайр гудамжинд хөглөрөөд байдаг, өдөр болгон дэргэдүүр зөрж өнгөрдөг элбэг зүйл биш. Зарим хүмүүс энэ хайр сэтгэл мөн болов уу, биш болов уу, нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр мөн болов уу, биш юм уу гээд тоо бодоод байгаа мэт амьдралд ханддаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө, өөрийн мэдрэмжээ чагнаж амьдрах хэрэгтэй байх.

Манай боловсролын систем их сонин. Математик, хими, физик, дэлхийн том зохиолуудаар бөмбөгдөөд байдаг хэрнээ яг хүн байх талаас нь, өөрийгөө таних, нээх талаас нь заадаггүй. Хүн бүхэн эхлээд өөрийгөө нээж, ухаарах хэрэгтэй. Өөрийгөө нээж, ухаарсны дараа өөрийнхөө сэтгэлийг танидаг болно. Сэтгэлээ танидаг болчихвол өмнөө сууж байгаа залуу, бүсгүйг энэ насны хайр мөн үү, биш үү гэдгийг ухаарч, ойлгох болно.

-Танд ч гэсэн мартаж чаддаггүй хайр байдаг байх. Бас таныг ч хайрладаг эрчүүд байдаг гэдэгтэй маргах юм алга?

-Хүн болгонд мартаж чаддаггүй хайр байдаг. Тэр нь анхны хайр. Бас намайг насан туршдаа хайрладаг хайрыг би мэднэ. Гэхдээ хайр гэдэг чинь заавал хамт байх шалтгаан биш. Тэр байтугай бие биенээ дэргэдээ далийг нь хяргасан шувуу шиг хоргоогоод байх шалтгаан ч биш. Хайр гэдэг чинь эрх чөлөө. Хайр гэдэг чинь цав цагаахан тагтаа. Хаа дуртай газраа нисэг л дээ. Надад хайртай юм гээд би хажуудаа уяад, би хайртай юм гээд хажууд нь наалдах албагүй. Хайрын орон зай чөлөөтэй байг, хүн гэдэг амьтан өөрийгөө мэдэрч, хайрлаж, хагацаж, санаж, харамсаж, өөрийнхөөрөө чөлөөтэй амьдраг. Хүүхэд хүртэл хайр сэтгэлийг хоргоодог шилэн хорго биш шүү дээ. Тэр чинь зүгээр л хүүхэд. Өөрийнхөө гэсэн амьдрал, хувь тавилан, буян заяа, хүсэл тэмүүлэл, чиг шугамыг аваад төрчихсөн, түүгээрээ алхах хувь хүн. Би өөрөө дураараа, чөлөөтэй хүн болоод ч тэр юм уу бусдын хувь заяаг хазаарлаж, уяад байх дургүй. Хайртай юм гээд өмчлөөд, хүрэл авдар дотор алтан өндөг нуугаад, алтан өндгөнд хийсэн өмч биш шүү дээ. Өмчлөөд авдранд цоочлохоор хайр биш болчихдог юм уу. Магадгүй дасахуй, энэрэхүй, өрөвдөхүй байж болох юм. Зарим хүмүүс өрөвдөж байгаа сэтгэлээ хайр дурлалтай хольж андуураад байдаг.  Аливаа зүйлийг байгаагаар нь л хүлээгээд авчих шиг амар амгалан байхгүй.

-Хайр сэтгэл гэснээс та яг одоогоор хайрлаж, дурласан байна уу?

-Би сүүлийн үед сэтгэл зүрхнээсээ нэг л зүйлийг хайрлаж, дурлах болсон. Тэр хайрандаа хөтлөгдөн маш их шүлэг бичиж байна. Тэр бол эх орон. “Битгий уйл миний Монгол”, “Зуун зууны эх орон” гээд эх орны сайхан шүлгүүд бичиж байна. Магадгүй нас нь ирсэн юм болов уу. Хат сууж, ухаажиж, өөрийн ертөнц тал руугаа илүү тэлсэн юм болов уу. Нөгөө талаар хөвгүүдийн маань эх орноо гэсэн тэмүүлэл, хайр, үргэлжийн би монгол шүү дээ гэсэн бахархал нь надад нөлөөлөөд байж болох юм. Өмнө нь шууд сэтгэл хөдлөлөөр уран бүтээлдээ ханддаг байсан бол одоо сэтгэл хөдлөлтэй зуузай холбож орж ирдэг болсон зүйл нь ухаарал болжээ.

-Тухайлбал таны “Эр хүн” гэх шүлэг аргагүй л ухаарал, ухаан нэмэх шиг болсон. Та л эрчүүдээ өмөөрч, магтан дуулах юм даа?

-Өнөөдөр яах аргагүй манай нийгэмд эрчүүдийн маань байр суурь ганхчихаад байна. Энэ л үед би энэ шүлгийг уншихгүй бол хав дараад байвал яруу найрагч байгаад ч яах юм.

Угаасаа жингийн туухай нэг тал руу хэт хэлбийгээд ирэхээрээ муухай харагддаг. Жендерийн тэгш эрх анх монголд орж ирэхдээ л эмэгтэйчүүдийн тэгш эрх гэж орчуулагдсан. Зориудаар тэгж орчуулсан юм уу, эсвэл тухайн үеийн хэлний мэдлэг, ойлголт тийм байсан юм уу. Аливаа улс орныг тогтворгүй болгох хамгийн гол арга эр, эм хоёр хүйсийг хагаралдуулах бодлого. Ийм технологи манайд нэвтрүүлээд 30 шахам жил болчихлоо гэж би сэтгүүлч хүнийхээ хувьд хардаг, харддаг.

Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан зөвлөмжөөр сургууль, ажлын байран дээр ямар нэгэн насанд хүрэгчийн онигоо ярьж болохгүй, эсрэг хүйстэн рүү удаан ширтэж болохгүй гэж заасан. Сайхны өмнө харц буруугүй гэдэг сайхан уламжлал хаачив аа. Хүн төрөлхтөн сайхны өмнө харц буруугүй, хайрын өмнө сэтгэл буруугүй байсан тулдаа төдийгөөс өдий хүртэл олуулаа болчихоод байна. Ийм сонин измүүдийг зохиомол хэлбэр рүү оруулж байна л даа. Монголчууд асар олон мянган жилийн уламжлал, өв соёлтой. Ялангуяа нүүдэлчин соёлоо өдий хүртэл авч үлдсэн. Хоймортоо тахидаг тахилтай, хоймроо эзэгнэн суудаг эр хүнтэй. Нүүгээд явах нутагтай, үүрээд явах гэртэй, өвлүүлээд явах ухаантай. Тэгэхээр сүүлийн 20, 30 жилд орж ирсэн гадны бодлого өөрөө өөрийгөө ч ойлгоогүй эмэгтэйчүүдийг хөөрөгдөж, удаан хэрэлдүүлж, удаан талцуулахгүй байх гэж бодож байна.

-Эр хүний тухайд тийм бодолтой байж. Харин эмэгтэй хүний тухайд та өөрийгөө тодорхойлооч. Та их эмэгтэйлэг, эгдүүтэй, эрх танхи, илэн далангүй хэрнээ тун нууцлаг хүн шиг санагддаг?

-Би байдаг л эмэгтэй. Гадаад дүр төрхийн тухайд боддоггүй, зав байдаггүй, байгаагаараа амьдраад сурчихсан. Манайх ядаж л гэртээ ганцхан тольтой. Машиныхаа алгын чинээ толинд нүүрээ харчихна, угаалгын өрөөнийхөө толинд шүдээ угаангаа өөрийгөө харчихна.

Нүүрээ ч бараг будахгүй юм. Бүсгүйчүүд брэнд, тарган, туранхай байхын тухайд их л санаа зовдог болж. Харин та “Би турахгүй” гээд л сошиалаар бичиж байсан?

-Би брэнд гээд хошуураад байдаг хүн биш. Аливаа зүйл зохицолтой харагдаж байвал болоо. Хооллолт, өмсөж зүүх тал дээр хөвгүүдийнхээ үгийг их сонсдог. Тэд эрчүүд болохоор надад зөв, үнэнийг хэлж чадна.  Мариалагийн тал дээр би угаасаа ийм бумбагар хацартай. Туръя ч гэж бодохгүй юм. Таргалъя ч гэхгүй. Тэр тал дээр толгойгоо зовоогоод байдаггүй, тэгээд ч яасан гэж тэгж байх ёстой гэж, төвөгтэй юм бэ /инээв/.

/Том хүүгийн хамт /

-Тэгвэл та эротик  шүлэг, өгүүллэгүүд ч бичдэг. Ер нь гаднах ялдам байдал зэргээс тань харахад их л тачаангуй, эротик бүсгүй болов уу гэж бодогддог шүү?

-Би 100 шүлэгтэй гэж бодоход тэрний гурав нь л эротик. Яагаад та нарт Эмүжин эротик шүлэг бичээд байдаг юм шиг санагддаг гээч?

-Яагаад?

-Та нарын ганхсан сэтгэлд чинь тэр гуравхан шүлэг бусдаас илүү содон, чухал болоод буучихдаг.

-Гэхдээ та орондоо эрх ялдам л биз дээ?

-Би жаргаж чаддаг эмэгтэй. Угаасаа жаргах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь ямар спорт юм уу, тэр үйлдвэрийн ажил юм уу, уншлагын танхим уу.

-Жаргаж чаддаггүй эмэгтэйчүүд бас байдаг. Тэгэхээр та их л тачаангуй бүсгүй бололтой?

-Инээв/ Яагаад эмэгтэй хүн надаас ингэж асуугаад байгаа юм бэ. Ямар ч байсан би бүрэн утгаар нь жаргаж чаддаг эмэгтэй.

-Ярилцлага өгсөнд танд гялайлаа.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

2 Сэтгэгдлүүд

иргэн 2020-11-11 at 06:22

хаа байсан, хөдөө Говь-алтайд хатуу ааруул мэрж, голоо зогоож явсан, багаасаа хүмүүжлийн доголдолтой, дэргэдээ байсан эр, эм хүмүүсийн заримыг доромжилдог байсан энэ бүдүүн хүүхнийг ингэж рекламдаад яах ч билээ.
Эрэгтэй хүүхэдтэйгээ авахуулсан зургийнхаа дэргэд нь шахам “Би орондоо жаргаж чаддаг” гэж гайхуулж тэнэгтсэн байх юм. Хүү чинь уншаад юу бодохыг бодож байна уу, бодож чадахгүй л дээ. Ийм хандлагыг нарциссизм сэтгэцийн эмгэг гэж олон улсын DSM-V ангилалд тодорхойлсон байгаа.

Хариулах
zasss 2021-05-14 at 12:13

kkk deerh setgegdel bichigchiig demjij bn. hudlaa eh oron hair mairn uyngalaad yridag shgee bdg bol yu ch ghew. ene huuhni goshgoruultand heden erchuuud orj or deriig ni ezegnesiin buldaa kk

Хариулах

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!