“Капитрон” банкны дампуурлаас болж сох алга болсон 234 тэрбум төгрөгийг нэн даруй барагдуулахыг хэвлэлийнхэн өч төчнөөн хэлж, бичээд нэмэргүй байна. Бүр цайрч, цагаандаа гарна гэгчээр энэ асуудал ч нам жим боллоо. Б.Ундармаагийн хүрээгүй мөнгө ч гэж үгүй. Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол мах экспо” ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас Монгол мах боловсруулах төв байгуулах төслийн хүрээнд 37 тэрбум төгрөг авч түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй компаниуд буюу чанаргүй зээлдэгчдийн дунд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн 4 компани бий. Үүнд түүний 100 хувийн хамаарал бүхий “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК компаниуд бичигджээ. Тухайн дөрвөн компанийн нийт өр 43.5 тэрбум. Мөн хүү А.Чинсанаа нь АНУ-ын Баруч коллежид суралцахдаа 139 мянган ам.доллар буюу 480 сая төгрөгийн зээл авч суралцсан байдаг.
Харин эгчтэйгээ усны дусал мэт адилхан дүү Б.Болормаа нь “Монгол эм импекс концерн” ХХК-ийн захирлаар ажилладаг. Монголын эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импэкс Концерн энэ онд 100 жилийн ойтойгоо золгож буй. Гэтэл Б.Ундармаа, Б.Болормаа нар 2007 онд “Монгол эм импекс концерн”-ыг хувьчилж авсан байна.
Б.Болормаа энэ талаар нэгэн ярилцлагадаа “Эрүүл мэндийн салбарын нэг тулгуур багана нь эм хангамж юм. Монгол Эм Импэкс Концерн бол Монгол Улсын эм хангамжийн салбарын ууган байгууллага. Манай байгууллага 1923 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан түүхтэй. Анх Цэргийн эмнэлгийн дэргэд Нэгдүгээр эмийн сан нэртэй байгуулаад түүхийн явцад байгууллагын бүтэц өөрчлөгдөж явсаар өнөөдөр Монгол улсыг бүхэлд нь хамарсан томоохон байгууллага болжээ. Монгол Эм Импэкс Концерн түүхэн цаг үеийн суурь сайтай, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, стандартаа барьж ажилладаг, боловсон хүчний нөөц сайтай байсан. Иймээс нэгэнт тогтсон сайн талуудыг нь хадгалж, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлж, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргах ёстой гэдгээс ажлаа эхэлсэн. Одоо Монгол Эм Импекс Концерн маань 21 аймаг, нийслэлийн бүхий л эрүүл мэндийн байгууллагад хүрч ажилладаг. Өнөөдрийн байдлаар манайх 400 гаруй ажилтантайгаар эмийн сангийн сүлжээ, эм ханган нийлүүлэх төвүүд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээ бариад ажиллаж байна. Манай ажилтнуудын 85 хувь нь эм зүйн чиглэлийн мэргэжилтэй мэргэшсэн хамт олон байдаг” хэмээн ярьжээ.
Тэгэхээр эгч, дүү хоёроос улсын ууган үйлдвэрийг хэрхэн, ямар замаар үнэгүйдүүлж, хувьчилж авсныг асуух цаг нь болжээ.