Утга зохиол, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвалын түүх, намтараар хийсэн “Улаан цэцэг” кино үзэгчдийн хүртээл болоод удаж байна. Энэхүү киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл, МУГЖ Г.Ундармаа нар хамтран бүтээсэн. Анхнаасаа санхүүжилтээ хоёр талаасаа 50, 50 хувь хувааж гаргахаар тохиолцон 700 сая төгрөг босгон киногоо үйлдвэрлэжээ. Гэтэл уран бүтээл дууссаны дараа Г.Ундармаа дахин 320 сая төгрөг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нэхэмжилсэн гэнэ. Санхүүжилт дутсан учраас өөрөөсөө гаргаж хийсэн учраас 320 сая төгрөгийг уг холбооноос гаргахаар нэхэмжлэх өгчээ. Харин холбооны тэргүүн Б.Оюунгэрэл баримтаар бүгдийг нь нотло, нотолж чадвал өгье гэсэн юм байх. Ингээд Г.Ундармаа баримтаар нотолж чадаагүй учраас Б.Оюунгэрэл өгөхгүй хэмээн гэдийснээс болж шүүхээр асуудлыг шийдүүлэхээр шийдсэн сураг сонсогдлоо.
Б.Оюунгэрэлийн хувьд анхнаасаа хоёр талаас нийлүүлсэн гэх 700 сая төгрөгийн талыг ч Г.Ундармааг гаргасан гэхэд эргэлзэж буй сурагтай. Санхүүгээ мэдээж кино бүтээж буйгаараа Г.Ундармаа гардан хариуцсан ч “Говь” компанийн дүрд тохируулан бүтээсэн хувцаснуудаас өөр дорвитой мөнгө гаргаж хийсэн зүйл харагдаагүй хэмээн холбооныхон ярьж буй гэнэ. Киноны пробууд ч хот дотор явагдаж, зардал гаргах сүртэй зүйлс хийгдээгүй гэх аж.
Ямартай ч уран бүтээл бүтээнэ гэдэг амаргүй. Зардалгүй уран бүтээл ч гэж юу байх билээ. Тэр тусмаа уран сайхны кино асар их хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгөнөөс бүтдэг. Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл ч амар буугаад өгөх самар биш. Энэ утгаараа хоёр эмэгтэйн дунд хатуухан маргаан үүсээд байгаа юм байна. Тэдний асуудал шүүхийн хэмжээнд очжээ.
Дараагийн мэдээ