“Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг үнэ цэнтэй байх үед Алтан эрдэнэ өргөмжлөлийг хүртэн, тэргүүн миссээр тодорч байсан Д.Уянгалянхуа өдгөө “Макс” группийн эзэгтэй гэгдэж явна. Д.Ганбаатартай хэн хэн нь ганц бие, нэр цэвэр гэрлэсэн тэд таван сайхан үрийн аав, ээж болцгоосон. Ер нь мисс, модель, загвар өмсөгчид элдэв янзаар яригдаж байхад Д.Уянгалянхуа анхны нөхрийнхөө анхны эхнэр болж бэрд гарснаараа одоо ч онцгой ялгардаг. Яах аргагүй онцлох, өмөөрөх, хайрлах зүйл нь энэ бөлгөө.
Энэ жилийн наадмаар “Монголоо” брэндийн дээлээр гоёсон түүний малгайг зарим хүмүүс жаахан илүүд үзсэн. Харин ч донж, сүрийг нэмсэн мэт санагдсан. Гэхдээ жил жилийн наадмаар Хүй мандлын дэнж дээр “Макс”-ын гэрээр зочилж, мисс эхнэрийнх нь донж гоёлыг харах гэсэн далдхан хүсэлтэй зочид ихээхэн ирдэгийг нуух аргагүй. Үнэхээр ч үндэсний дээл хувцсыг тултал нь загваржуулж, гоёж чаддаг түүнтэй эн тэнцүү өрсөлдөх эмэгтэй одоогоор гараагүй л юм даа. Таван хүүхдийн ээж, үнэнч даруухан гэргий, бизнест ч хүч үзэж, өнчин өрөөсөнд ч тусалж явдаг сайхан сэтгэлтэй энэ эмэгтэйд жилийн ганц наадмаар юу дуртайгаа өмсөж, олны нүдийг хужирлах бүрэн эрх нь бий биз.
Өмнөх мэдээ