Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Хүн бүрт л 24 цаг оногддог. Харин өдрийг хэрхэн өнгөрүүлэх нь өглөөг хэрхэн угтсанаас ихээхээн шалтгаалдаг. Тиймээс өглөөг хэрхэн таатай эхлүүлж, ямар дадлуудыг хэвшүүлбэл зохих талаар хуваалцаж байна.
ӨГЛӨӨ ЭРТЛЭН БОСОХ
Өглөө эртлэн босох нь их зүйлийг амжуулах, өөрийгөө хөгжүүлэх, замбараагүй бодлуудыг цэгцлэх, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх зэрэг олон ач холбогдолтой болохыг уншигч та цөөнгүй удаа сонсож байсан байх. Тиймээс сэрүүлгээ олон дахин хойшлуулж унтраалгүйгээр өглөө эртхэн шийдэмгий босож сураарай. Дахиад тав, арав, хорин минутын нойр авах нь илүү их амарч байгаа мэдрэмжийг огт төрүүлэхгүй. Сэрүүлгээ гар хүрэхгүй хол газар тавих нь орноосоо шууд босох шилдэг аргын нэг билээ.
Найман цагийн турш унтаад сэрэхэд хүний бие махбод шингэнээр дутагдсан байдаг. Тиймээс өглөө босонгуутаа ус уух нь алдсан шингэнийг нөхөж, сэргэсэн мэдрэмж авахад тань тусална. Сонирхуулахад өглөөний 5-8 цагийг үр дүнтэйгээр ашиглаж чадвал энэ 4 цаг ердийн 8 цагтай тэнцдэг гэсэн баримт байдаг. Энэ цагт бидний тархи хамгийн үр дүнтэй ажиллаж чаддаг байна.
ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН ХИЙХ /5-15 МИНУТ/
Дасгал, хөдөлгөөн хийх нь унтаа байдалд орсон биеийг идэвхжүүлэх, оюун бодол төвлөрөх, эрч хүч мэдрэх чухал алхам билээ. Өглөө сэрээд сунгалтын дасгал болон бага зэрэг йогийн дасгал хийх нь яг л кофетой адил таныг сэргээх бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Зарим хүн өглөө гүйнэ, зарим нь йог хийнэ, зарим нь бүр фитнесст явдаг.
Дасгал, хөдөлгөөн нь хүний бие махбодыг зөв хэв маягаар сэргээж өгөхөөс гадна тархины цусан хангамжийг сайжруулж, стрессийг бууруулахад тустай. Өглөө 5-хан минутыг дасгал хийхэд зарцуулснаар өдрийг аз жаргалтайгаар эхлүүлэх төдийгүй тухайн өдрийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тиймээс та заавал өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийж хэвшээрэй.
ЧАНАРТАЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ /10-20 МИНУТ/
Эрүүл байх нь өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй том үүрэг хариуцлага юм. Дасгал хийснийхээ дараа өглөөний цай тогтмол уух нь эрүүл хооллолт болон зөв амьдралын хэв маягт шилжих үндсийг тавьж байна гэсэн үг. Тиймээс өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Биедээ сайн ямар нэг жижигхэн, эрүүл зүйлийг ид. Гэртээ өглөөний цайгаа ууж амжаагүй бол ажилдаа явах замдаа, эсвэл очсон хойноо юм идэж болно шүү дээ.
СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭХ- БЯСАЛГАЛ ХИЙХ /5-10 МИНУТ/
Дасгал хөдөлгөөн хийж биеээ бэлдсэн бол сэтгэл зүй, оюун санаагаа ч мөн бэлдэх хэрэгтэй. Бясалгал хамгийн шилдэг арга болж орж ирэх нь гарцаагүй.
Бясалгал хийснээр бодол санаа цэгцэрч, санаа зовнил, айдас түгшүүрээс ангижирч өөрийгөө ойлгоно. Та өглөөг илүү төвлөрсөн, эерэг байдлаар угтах болно. Мөн өдрийн турш хийж буй зүйлдээ анхаарлаа гүнзгий төвлөрүүлж чадахаас гадна ажлын бүтээмж ч өсдөг.
Бясалгал хийх үед тархинд сул орон зай гарч, та өнгөрсөн ирээдүй бус яг одоод орших болно. Чи өөрөө цэгцэрсэн цагт ертөнц тэр аяараа цэгцэрнэ гэдэг үг байдаг шүү дээ. Чимээгүй, тайван орчинд 5-10 минутыг зарцуулахад л хангалттай. Энэ үедээ төгөлдөр хуурын аялгуу, байгалийн чимээ сонсох үнэхээр тааламжтай байх болно.
ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ /5-15 МИНУТ/
Өглөө яаруу, сандруухан гэрээсээ гарч хичээл, ажилдаа арай гэж амжиж очих нь ямар санагдаж байна? Бүх зүйл замбараагүй, аясаараа өрнөж нэг л мэдэхэд өдөр дуусчихсан байдаг.
Харин төлөвлөгөө гаргасан хүмүүсийн хийх зүйл нь тодорхой байдаг учир цаг хугацаатай уралдаж нэг ч гэсэн зүйлээ амжуулж, өдрийг сэтгэл хангалуун, үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Энэ дадлыг хэвшүүлснээр өдрийн туршид эрч хүчтэй, зорилготой байхаас гадна илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй ажиллахад тань тустай.
Төлөвлөсөн зүйлээ амжилттай хэрэгжүүлсэн хүмүүс түүнээсээ төсөөлж байгаагүй их урам зориг авдаг. Тиймээс та өглөө хэдэн минутыг бодож, төлөвлөхөд зарцуулах учиртай. Хийх зүйл тодорхой байвал биелүүлэх магадлал ч өндөр байдаг. Мөн дараа нь юу дутуу хийснээ бичиж, өөртөө дүгнэлт хийх боломжтой. Харин биелүүлж амжаагүй зүйл байвал сэтгэл санаагаар унах хэрэггүй шүү. Өглөө бүр төлөвлөгөөтэйгээ танилцан хамгийн чухлаас нь эхэлж хийж байгаарай.
БАГАХАН ХУГАЦААГ Ч ӨӨРТӨӨ ЗОРИУЛ
Өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд өглөө бүр багахан цагийг зарцуул. Ном унших, подкаст сонсох, зураг зурах, тэмдэглэл хөтлөх гээд дуртай зүйлээ хийж аз жаргалыг мэдрэх нь гайхалтай өдрийн эхлэл болдог. Өглөө босоод үр дүнтэй нэг л зүйл хийхэд чиний өөртөө итгэх итгэл, тэр өдрийн асуудлыг даван туулах чадвартай болдог. Эерэг хандлагатай дуу сонсож, урам зориг сэргээсэн утга бүхий ном уншаарай. Эсвэл ямар нэгэн ур чадвараа сайжруулахад цагаа зарцуулж болно.
Төгсгөлд нь хэлэхэд хүн бүр дээрх зургаан зүйлийг өдөр бүр ягштал хийж дадаагүй байх. Гэсэн ч хувь хүний онцлог, өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан багадаа гурвыг нь тогтмол хэвшүүлбэл таны амьдралд үнэмлэхүйц эерэг өөрчлөлт гарах болно. Шинэ зуршил бий болгоход багагүй хугацаа шаардлагатай учраас шантралгүйгээр урдаа тавьсан зорилго, мөрөөдлөө байнга санаж байхыг зөвлөе. Хамгийн гайхалтай нь эдгээр зүйлсийг амжуулахын тулд танд ердөө 30-60 минут л хангалттай.