Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргалаа

1990 оны 4 дүгээр сарын 7 буюу одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам анхдугаар их хурлаа хийж байв. Ийм учраас эл өдрийг Ардчилсан намын баярын өдөр гэж нэрлэн, дүрэмдээ зааж өгсөн байдаг аж. Энэ жилийн баярын арга хэмжээ дөнгөж сая С.Зориг агсны хөшөөн дээр цомхон болж өнгөрсөн бөгөөд Ардчилсан намын шинэхэн дарга О.Цогтгэрэл мэдэгдэл хийлээ.

Тэрбээр Ардчилсан намаас салсан намууд, задарсан хэсгүүд, татгалзсан гишүүдээ эргэн нэгдэж Ардчилсан намаа “бүтэн” болгохыг зорьж байгаагаа дуулгав. Мөн 4 сарын 20 буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санаачлагыг ерөнхийлөгчид хүргүүлэхээ дурдлаа. Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачлагад нэгдэж гарын үсгээ зурахыг уриалсан юм.

Арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Социал демократ намын анхны дарга Б.Бямбажаргал, дүүргүүдийн АН-ын дарга нарын тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцлоо.

Уг санаачлагыг дэмжиж онлайнаар ЭНД дарж нэгдэж болох ажээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр “Ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэд ээ. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ, та бүхэндээ хаалттай нийгмийн ханыг нураахаар, нэг намын дарангуйллыг тас цохихоор Монгол орны өнцөг булан бүрээс сэтгэл зүрхнийхээ дуудлагаар холбогдсон ардчиллагчдын, Ардчилсан намын анхдугаар их хурлаа хийсэн түүхэн өдрийн мэндийг хүргэе. Анхдугаар хурлаа хийснээс хойш 31 он, ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ Санжаасүрэнгийн Зориг цаг бусаар тэнгэрт хальснаас хойш 22 он өнгөрчээ.

АНХНЫ ЦЭГ ДЭЭРЭЭ АХИН ЭРГЭН ИРЖ, ЭХЛЭЛЭЭСЭЭ ЭХЭЛЖ ШИНЭЧЛЭГДЭХ ЦАГ ИРЖЭЭ

Өнөөдөр бидэнд ялалтын уухай хашгичиж, ямархан гавьяа байгуулснаа бахдаж суухаас илүүтэйгээр бодох, ярилцах; цаашдынхаа ирээдүйг төсөөлөх, төлөвлөх чухал цаг үе тохиож байна. Өнгөрсөн он жилүүдэд өдрөөс өдөрт ардчиллагчдын нэр унаж, ард түмний итгэл буурч, тэр бүрийд бид дотроо тэмцэлдэж, биднээс намууд шил дараалан төрж, замын уртад зарим маань салан мөрөө хөөж, үлдсэн хэдийн ихэнхийнх нь оролцоо үлэмж багасаж ирлээ.

Тэр бүрийд иргэдийн эрх хумигдаж, түшмэдийн мэдэл ихэсч, төрийн алба данхайж, бизнесийнхний орон зай багасч, улсын төсөв тэлсээр байна. Бид бүгд цуглаж, цугтаа байж, цул болохгүй бол Монголын ардчилал, Монгол хүний эрх, эрх чөлөө, Монголын мянга мянган бизнесүүдэд аюул учрахаар цаг мөч, үйл явдлууд болж байгааг та бид харж байна. Ардчилал, хүний эрхийг дээдлэгчид, Ардчилсан намынхан бид ямар дэврүүн эрмэлзэл, ирмүүн хүслээр жигүүрлэж байснаа эргэн санаж, анхны цэг дээрээ ахин эргэн ирж, эхлэлээсээ эхэлж шинэчлэгдэх цаг иржээ.

Иймд энэ чухал баярын өдрөөр замын уртад тасарсан үзэл баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, задарсан хэсэг, салсан улс төрийн хүчнүүдээ буцаан нэгтгэж ардчиллаа БҮТЭН болгох уриалгыг Ардчилсан намын зүгээс, Ардчилсан намын даргын зүгээс дэвшүүлж байна. Чиг баримжаа, үзэл санаа нэгтэй улс төрийн намууд болон намын урьд урьдны дарга, лидерүүдийг уриалгыг хүлээн авч Ардчилсан намын үндсэн голомтдоо эргэн цугларч улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө уулзалдан хэлэлцэж, нэгдэн нягтарна гэдэгт итгэж байгаа энд дахин тодотгоё.

Мөн энэ чухал өдөр Ардчилсан үзэл санааны удирдагч, Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ардчилсан намын зүгээс эхлүүлж байгаагаа Монголын мянга мянган иргэдэд зарлаж байна.  Энэ санаачилга бол хэн нэгэнд хэлбэрийн төдийхнөөр Улсын баатар цол олгуулах гэж буй үйл хэрэг биш ээ. Өдрөөс өдөрт үнэлэмж нь уруудсаар байгаа Монгол хүний үнэ цэнийг өсгөх, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрхийг нь эргүүлэн авчирч, ардчиллаа хамгаалах гэсэн оролдлого гэж бид үзэж байна.

ЗОРИГГҮЙ ӨНГӨРСӨН 8,223 ӨДӨРТ БИД УЛС ТӨРИЙН ЗОРИГООР, УРАГШ АХИХ УРАМ ЗОРИГООР ДУТСАН

Ардчилалтай нас чацуу хийгээд түүнээс дүү олон залуус Санжаасүрэнгийн Зоригийг байсан л нэгэн улс төрч, санаандгүй хохирсон гэмт халдлагын хохирогч гэж ойлгож байна. Үгүй ээ, тэр бол өнөөгийн энэ нийгмийг бидний алган дээр авчирч өгсөн Ардчилсан хувьсгалын удирдагч, Ардчилсан үзэл санааны эцэг нь байсан гэж бид ойлгодог. Монгол улс, Ардчилсан нам Санжаасүрэнгийн ЗОРИГгүй өнгөрсөн 8,223 өдөрт бид улс төрийн ЗОРИГООР, урагш ахих урам ЗОРИГООР, иргэд эвлэлдэн нэгдэх ЗОРИГООР,  ирээдүйдээ итгэх ЗОРИГООР дутсаар ирсэн.

Зориггүй өнгөрөөсөн өдрүүдэд дутсан урам ЗОРИГ, хүсэл тэмүүллээр дараагийн 10 жилд, ирээдүйн 100 жилд бид дутаж болохгүй учраас Санжаасүрэнгийн Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж бид үзэж байна.

Үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө нөхдөө манлайлсан түүний үйл хэргийг үлдэх хойч үеийнхэнд үнэн зөвөөр мөнхлөн үлдээх үүрэгтэй учраас энэхүү санаачилгыг Ардчилсан Монгол улсын иргэн таныг, Ардчилсан намын гишүүн таныг талархан дэмжиж, гарын үсгээ зуран давалгаална гэдэгт итгэж байна.

Бидний энэхүү санаачилгыг улс даяараа уухайлан дэмжиж, мянга мянгаараа гарын үсэг зурна гэдэгт итгэж байна. Таны, миний, бидний мянга мянган гарын үсэгтэй санаачилгыг Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдрөөр баатар цолоор нэхэн шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах болно. Шаардлагатай бол УИХ-ын гишүүний хувиар, УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс нэг удаагийн нэхэн олгох хуулийг санаачлан өргөн барихад бэлэн гэдгээ илэрхийлж байна.

Их Монгол улсыг байгуулагч Чингис хаан гэдэг шиг, Ардын хувьсгалын удирдагч Сүхбаатар жанжин гэдэг шиг, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ Зориг баатар гэж бид яагаад дуудаж болохгүй гэж? Зориг агсны нэгэнтээ хэлсэнчлэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд, итгэл үнэмшилд үүрд мөнхөд байдаг гэдэгт би итгэж байна” гэв.

 

Эх сурвалж: АН-ын хэвлэлийн алба

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

1 Сэтгэгдэл

Galaa 2021-04-24 at 15:35

Tegee teg

Хариулах

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!