Энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр БЗД-ийн 4 дүгээр хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 21-ны оройн 21:00 цагийн үед БЗД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1991 онд төрсөн 30 настай Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр “Ж”-ийнхээ нүүр толгойн хэсэг газарт цохиж, улмаар багалзуурдаж амь насанд нь хэрцгийгээр халдсан байж болзошгүй хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.04.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Талийгаач “Ж”-ийн шүүх эмнэлгийн дүгнэлт нь багалзуурдсны улмаас амьсгал бүтсэн, нүүр цээжний баруун тал ,бугалга, шуу, сарвуу, баруун гуяны гадна талын түлэгдэлт галын дөлөөр нас барсны дараа үүссэн гэж гарчээ. Өөрөөр хэлбэл эхнэрээ хөнөөгөөд, дараа нь шатаасан байжээ.
Шүүхээс шүүгдэгч “Э”-г гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйл ангийн 2.8 хэсэгт заасны дагуу /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ/ гэсний дагуу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй авч үзэн 17 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэсэн байна.