-Төрийн соёрхолт П.Бадарч төрдөө үнсүүлсэн баярт мөчөө түмэнтэйгээ хуваалцлаа-
… Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ… Төрийн Соёрхолт, Ардын Уран зохиолч П.Бадарч
П.Бадарч хэмээх намуухан төрхтэй, цал буурал эрхмийн тухай бодох төдийд “Есөн эрдэнийн орон”, “Эхийн сэтгэл”, “Эх орон” гэх эгэлгүй хэрнээ эрхэмсэг уянгалаг шүлгүүд нь хөвөрнө. Өнөө жилийн сар шинийн баярын босгон дээр түүнийг төр соёрхож, “Төрийн соёрхолт” хэмээх “өндөр” шагналаа хайрласан билээ. Монголын ард түмэн түүнийг энэхүү шагналыг авахад гантай газар хур бороо шаагин газар дэлхий баярладаг шиг сэтгэл дүүрэн хүлээж авсан билээ.
Тэгвэл зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр их найрагч Пунцагийн Бадарч төрдөө үнсүүлсэн баярт мөчөө төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын хүндэт төлөөлөгчид, гэр бүл, төрөл төрөгсөд, эрхэм журмын андуудтайгаа хуваалцлаа.
Буурал найрагчид хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн монголын сор болсон элит улс төрч, утга зохиол судлаач, уран бүтээлчдийг сорчлон нэрлэвэл анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэргийн хамт, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн Ж.Оюунхорол нөхрийн хамт, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, “Номин холдинг” ХХК-ны үүсгэн байгуулагч А.Шагдарсүрэн гэргийн хамт, Төрийн шагналт, АУЗ Д.Цоодол гэргийн хамт, АУЗ Т.Галсан, АУЗ Ш.Дулмаа, АУЗ Б.Догмид, Доктор, профессор До.Цэнджав, МУАЖ Н.Сувд, Уртын дуучин Ш. Чимэдцэеэ, МУАЖ А.Долгор, МУГЖ Н.Батцэцэг, яруу найрагч Ц. Хулан… зэрэг эрхмүүд нэгэн дор чуулсан юм.
Хэзээний л намжиртай, бусдаас содон амбицтай Ц.Хулан хатагтай цэргийн хувцсаар гангаран тайзнаа заларч “Би уг нь хүнд муугаа үзүүлэх дургүй, гэхдээ энэ удаад муугаа үзүүлье” хэмээгээд П.Бадарчийн үг “Хилийн уянга” дууг дуулан үзэгчдийг хөгжөөхөө мартсангүй ээ!
АУЗ, Төрийн шагналт Дөнгөдийн Цоодол эрхэм найрагчид хандан “Хүн бүр урт удаан насыг ерөөж байна, харин би найздаа уран бүтээлийн амжилтыг хүсэн ерөөе” хэмээн зочдыг инээлгээд амжив. Аав охин хоёрын цагаа олсон хошигнол үзэгчдийг харин ч нэг хөгжөөв.
АУЗ Тангадын Галсангийн хэлэх үг нь аяганаасаа цалгиад өдийгөөс төдий хүртэлх дурсамж дурдатгалаа уудлан, хэлж гүйцээгүй үлдсэн үгсээ номын хуудаснаа тэрлэн бэлэг барьсан. Тэр ном, тэр үгс үүрд үнэ цэнээ алдалгүй, үеийн үед үлдэх буй!
Магадгүй П.Бадарч гуайн сэтгэлд яг л энэ үед дахин сайхан уран бүтээлүүд соёолсон биз ээ.
Их найрагчийн хүндэтгэлийн арга хэмжээний фото сурвалжлагаас хийсэн сонин содон агшныг “People” сорчлон хүргэж байна.
Б.Алтантуяа