МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар МАХН-тай нэгдэх тухай гэрээний төслийг хэлэлцсэн.
Хоёр намын төлөөлөл TV9 телевизийн эфирт цахимаар холбогдон дээрх асуудлаар байр сууриа илэрхийлж, асуултад хариулсан.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Монголд улс төрийн хүчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой болж байна. 100 жил гэдэг их зүйлийг бодогдуулж байна. Үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг бидэнд цаг хугацаа олгож байна. МАН-ын нөхдүүд ухамсартай байр суурь баримталж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаад би маш их баяртай байгаа. Манай намын гишүүд ч баяртай байгаа. Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Бид УИХ-д байгаа 62 нөхөдтэйгээ угсаа гарал, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАХН өрсөлдөхийн төлөө биш эвлэлдэх байр суурь баримталж оролцоно. Нэг нам болохоор зорьж байж сонгуульд өрсөлдөнө гэдэг утгагүй зүйл. Бидэнд нэр дэвшүүлэх бололцоо байгаа ч гэсэн эх орныхоо эрх ашгийг бодож МАН-аас нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж сонгуульд оролцоно.
Манай С.Ганбаатар дарга сайн нэр дэвшигч байна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Гэхдээ бид энэ асуудлаар ний нуугүй ярилцсан. С.Ганбаатар минь чи бид хоёр Оюутолгойг өөрчилье, Дубайн гэрээг хүчингүй болгоё, байгалийн баялагийг ард түмэндээ өгье гэж байгаа. Хоёулаа яг энэ ажлыг бодитой хийж чадах 62 хүнтэй хамраад хийх боломж байсаар байтал заавал тийм хүнд замаар явж эдэнтэйгээ сөргөлдөж, хоорондоо хагаралдаж явах нь утгагүй юм. Ингэж амьдралаа, цаг хугацааг үрэн таран хийж болохгүй гэж бид ярилцсан. С.Ганбаатар дарга маань ойлгосон гэж найдаж байна.
Дахин хэлье МАН-аас хэн нэр дэвшинэ тэр хүнийг Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгуулахын төлөө хамтран ажиллана” гэсэн юм.