Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-аас сонгогдсон С.Эрдэнийн материалыг СЕХ өчигдөр хүлээж авсан.
Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгосон гэх цахим сонгууль шударга бус болсон талаарх материалыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь СЕХ-нд хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, цахим сонгуульд нийт АН-ын 75879 гишүүн саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан бөгөөд энэхүү цахим сонгууль шударга болсон уу? гэдэгт эргэлзээ үүсч эхэллээ. Учир нь цахим сонгуульд оролцсон хүмүүсийн материалтай танилцахад МУ-д огт байхгүй 96 хүн буюу овог, нэр ижил хүмүүс саналаа өгсөн маш ноцтой баримт гарч иржээ. Мөн 3-аас дээш удаа саналаа өгсөн 1859 хүн байсан байна.
Түүнчлэн цахим сонгуульд оролцсон зарим хүмүүсийн утасны дугаар зөрж, утсаар нь холбогдоход АН-ын гишүүн биш болж таарсан аж. Тиймээс эдгээр нь хууль зөрчсөн, шударга бус, ноцтой асуудал хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээрх материалыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ.