Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэх үедээ, цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж харуул, байлдагч Б-гийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан. Харамсалтай нь байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад хоёр хоногийн дараа нас барсан байдаг.
Тухайн үед ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг албан үүргээс чөлөөлсөн. Мөн хэрэг гарсан өдөр ажиллаж байсан Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор ажиллаж байна хэмээгээд уучлал хүсч байв.
-ТЭРБЭЭР ЦЭРГҮҮДИЙГ УДАА ДАРАА ЗОДОЖ, ДЭГЛЭДЭГ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-
Гэвч амиа алдсан цэрэг дахин амилахгүй. Түүний аминд нь хүртэл зодож, дэглэсэн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нь өдгөө цагдан хоригдоод хоёр сар болж буй.
Эл хэргийг маш яаралтай шийдвэрлэхээр хууль хяналтынхан ажиллаж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж дуусгаад прокурорт шилжүүлжээ.
Прокуророос Д.Гялбуужамцад Эрүүгийн хуулийн 28.3-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн”, 10.1.1-д зааснаар хүнийг алсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад Д.Гялбуужамц нь удаа дараа цэргүүдийг дарамталж, дэглэдэг, архидан согтуурдаг, танхай этгээд байсан нь ил болсон аж.
Шүүхээс түүнийг гэм буруутай гэж тогтоовол түүнд 15 орчим жилийн хорих ял оноохоор хуулийн зүйл заалтад тусгажээ.
28.3 дугаар зүйл. Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
1.Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.