“Битүү Усан парк” буюу дэлхийн стандартад нийцсэн, өвөл зунгүй ажиллах усан паркийн гоё зураг бүхий хашаан дахь барилгын ажил энэ хавраас эхэлж газар шороогоо ухаад эхэлжээ. Нийслэлийн төв хэсэгт буюу Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн газрын урд талын төмөр замын нүхэн гарц хооронд усан паркийн гоё зурагтай том хашаа баригдаад бидний мэдэхээр лав 9 жил өнгөрч байна. Анх 2013 онд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар “M&G констракшн” компанид энэхүү 11.8 га газрыг олгож Усан паркийн архитектурын ерөнхий зураг төлөвлөгөөгөө 2014 онд батлуулжээ. Энэ төлөвлөгөөгөөр дан ганц битүү усан парк, далайн эргийг санагдуулам наран шарлагын газар шиг орчин бүхий эко бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Гэвч 3 жил өнгөрсөн ч бүтээн байгуулалт байтугай газар шорооны ажил ч хийгдэлгүй 2017 онтой золгосон. Ингээд 2017 он энэхүү зураг төслөө өөрчлөн өргөжүүлж усан паркаас гадна зочид буудал, спортын талбай, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг үйлчилгээний зориулалттай 5 хэсэг барилга объект барихаар болжээ. Үүнийг нь тухайн үеийн нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ерөнхий архитекторын газар зөвшөөрөн баталжээ.
Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитекторын газраас тодруулахад “БҮТИ компани үүнийгээ аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татахын тулд дээрх үйлчилгээний объектууд зайлшгүй байх ёстой” хэмээн тайлбарласан байдаг. Ингээд “M&G констракшн”, “БҮТИ” ХХК болон “Шонхор” гэх төсөл хамтран хэрэгжүүлнэ гэж байсан “Усан парк” төсөл аялал жуулчлалын орчин бүрдүүлэх нэрээр ийнхүү зочид буудал үзвэл үйлчилгээний барилга байшин болж шинэчлэгджээ.
Одоо барилгын ажил нь эхэлсэн. Гэвч эхлээд усан парк нь биш 25 давхар орон сууц,зочид буудлын барилгын ажил нь явагдаж байна. Үүний дараа усан паркийн ажил хийгдэх эсэхийг мэдэхгүй хэмээн тэнд ажиллагсад ярьж байна. Энэ талаар барилгын ажлыг гүйцэтгэж буй дарга даамал болон БҮТИ компанийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч тэд ярилцлага өгөхөөс татгалзсан. Хууль, дүрэм, журмын дагуу, зориулалт зөвшөөрлийнхөө дагуу Усан паркийн ажлаа эхлүүлсэн юм бол олон нийтэд мэдээлэл хүргэхээс яагаад ийнхүү зугтана вэ?
Энэхүү 10 гаруй га газар хашаанаас өөр юмгүйгээр 2013 оноос хойш 9 жил “хадгалагдсан”. Жирийн нэг иргэн, хэн нэг эрх мэдэлт-ний нөлөө оролцоогүй газар байсан бол энэ хашааг аль хэдийн нурааж газрыг нь чөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч зарим хүний ярьж буйгаар энэ хавийн газар нь Дунд голын ай сав, далангийн хажууд байрлалтай тул ийм өндөр нүсэр том барилга барих нь байтугай усан паркийн объект барихад ч эрсдэлтэй гэж байлаа. Зун борооны үед тэр хавийн газар усанд битүү автдаг. Гэтэл ийм ус ихтэй газарт усан парк нэрээр олон давхар барилга барьж байгаа M&G констракшн” болон БҮТИ компанийн ард хэн гэдэг эрх мэдэлтэн, нөлөө бүхий улс төрч хамгаалж байгаа вэ?
/2021 оны зун үерийн усанд автсан байгаа байдал/
Бид ямартай ч “M&G констракшн”, “БҮТИ” компаниудын эзэдтэй холбоотой мэдээллийг УБЕГ–ын мэдээллээс хайсан юм . Албан ёсны мэдээллийг үзвэл энэ 2 компани Володягийн Ганбаатар гэх нэг хувь эзэмшигчтэй дараах баримтаас харж болно.
/Володягийн Ганбаатар БҮТИ компаний хувь эзэмшигч, Г.Батжаргал БҮТИ компаний захирал/
Монголд анх удаа гэх тодотголтой Усан паркийг барих БҮТИ компани нь орон сууцны хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн юм байна. “M&G констракшн” компани нь БҮТИ компанийн охин компани нь аж.
/УБЕГ-ын мэдээллээр В.Ганбаатар “M&G констракшн”-ы үүсгэн байгуулагч болж таарсан/
Тус компанийн захирал А.Амарбаясгалан 2016 онд өгсөн ярилцлагад 2018 онд усан паркийн ажил дуусна. 2020 онд цогцолбор бүхэлдээ ашиглалтад орно хэмээн ярилцлага өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр цогцолбор байтугай усан парк нь ч ашиглалтад орсонгүй. Танил болсон пи-ар, танил болсон дүр зураг. Сайхан сайхан бүтээн байгуулалт хийнэ гэж газар хашаалаад мартагдтал нь байлгасны эцэст нэг л өглөө сэрэхэд орон сууц болчихсон байдаг бодит жишээ энэ.
/БҮТИ компаний захирал Г.Батжаргалын 2016 онд мэдээллийн сайтуудад өгч байсан ярилцлагын хэсгээс/
2012 онд Тэнгис кино театрын урд усан оргилуур барина гэж хашаалаад эцэст нь “MN TOWER” нэртэй оффис баригдсан. Энэ барилга баригдахдаа хүний аминд хүрч байсан хэрэг тухайн үед нийгмийг цочроож энэ барилгын зөвшөөрлийг цуцалж хариуцлага хүлээлгэнэ хэмээн яригдаж байсан. Гэвч хэдэн жил нам дарж мартагдуулсныхаа дараа барилгын ажлаа дахин эхлүүлж ашиглалтад оруулсан.
/Усан оргилуурын оронд баригдаж байсан “МN Tower”-т 2012 онд ноцтой осол гарж 19 настай залуу газар дээрээ амь насаа алдаж байсан/
Энэ МN tower баригдсан газар анх усан оргилуур барих байсан ч өндөр барилга болон сүндэрлэсэн талаар 2019 онд Зариг.мн мэдээндээ “M&G констракшн”-тай холбон бичиж байсан. Тийм учраас энэ удаагийн усан паркын ажил бас энэ дүр зураг шиг болоод замхарах вий гэсэн хардлага байна.
Сүүлийн үед хотын төвд барилга барих газаргүй болсон. Машин байтугай хүн ч зөрөх зайгүйгээр шахаж, шавааралдсан барилгууд, хороолол, хотхон гэх томдсон нэртэй тоглоомын талбай байтугай машины зогсоолгүй баригдсан замбараагүй хот төлөвлөлтөөс болоод нийслэлчүүдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хотын төвд 5 давхраас өндөр барилга барихгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр нь “Усан парк” нэртэй 25 давхар орон сууц, үйлчилгээний төвийн барилгад үйлчлэхгүй юу. Энэхүү төслийн ард хэн гээч эрх мэдэлтэн албан тушаалтан байна вэ? Нийслэлчүүдэд зориулсан, нийгмийн хариуцлагатай бүтээн байгуулалт юм бол төслийг хэрэгжүүлэгч толгой компани БҮТИ-ийнхэн яагаад тайлбар өгөхөөс татгалзана вэ?
Бид энэ талаар эргэн сурвалжилна…
М.Марта