Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх, ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд тус өдрийг санаачилжээ
“Хүүхдээ сонсох өдөр”-ийг угтан дүүрэг бүр хүүхдийн чуулганаа цахимаар зохион байгуулжээ. Улмаар хүүхдүүдийг төлөөлж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх Хүүхдийн элч нараа дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж, сонгосон байна. Ийн өнөөдөр Хүүхдийн элч нар андгай өргөн, Нийслэлийн Засаг даргаас үнэмлэх, тэмдэг, батламжаа гардан авлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элчээр реппер Н.Цэцэнбилэг, Хан-Уул дүүргийн Хүүхдийн элчээр дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүргийн хүүхдийн элчээр “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн нар сонгогджээ. Хүүхдийн элч нар нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд гурван жилийн хугацаатай ажиллах юм.