Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн. QR код олгох журмыг боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлснээр хөл хорионы хугацаанд замын хөдөлгөөнд оролцох тусгайлсан чиг үүргийн 41 500 тээврийн хэрэгсэлд QR код олгохоор шивэлт хийгээд байгаа ажээ. Зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг 0 зогсолт хийх түвшинд аваачиж, хөдөлгөөнийг хязгаарлана. Харин үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй буюу одоо ажиллаж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код олгоно.
QR код авахын тулд smartcar.mn сайт руу орж, тээврийн хэрэгслийн дугаараа оруулан, хүсэлтээ илгээж, хэвлэж авах юм. QR код нь нэг удаагийн болон 14 хоног хэрэглэх гэсэн хоёр янз байна. Тодруулбал нэг удаагийн кодыг уул уурхай, газар тариалангийн чиглэлээр ажиллагсдаа хөдөө орон нутаг руу тээвэрлэх автомашинд олгоно. Харин үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 чиглэлийн албан хаагчдын тээврийн хэрэгсэлд 14 хоног ашиглах QR ашиглана. Ингэхдээ албан хаагчдын хувийн тээврийн хэрэгсэл цагийн хязгаартай буюу 07:00-09:00, 17:00-20:00 цаг хүртэл зорчих зохицуулалттай бол байгууллагын тээврийн хэрэгсэл өдөржин зорчиж болохоор тохируулж байна. Зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилчид замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодоос гадна ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхээ авч явах ёстойг санууллаа. Энэ хугацаанд нийтийн тээвэр ч цагийн хязгаарлалтын дагуу үйлчлэх тул байгууллагууд үйл ажиллагаагаа зохицуулах юм. Мөн хөл хорионы хугацаанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна. Дээрх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь цуцлах эрхийг цагдаагийн байгууллагад олгожээ.
Өмнө нь QR авч байсан байгууллагууд smartcart.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Харин шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээх ажээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.