Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэд их бий. Тиймээс хэлний шалгалт болон бүртгэл дээр урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл гаргалаа.
Тодруулбал, гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд бүртгэх юм. Урьдчилсан байдлаар бүртгэлийн өдрийг зарлаж байгаа нь шалгалт өгөх хүмүүст хэрэгтэй мэдээлэл гэж үзжээ.
Нийгмийн сүлжээнд тавигдсан “Хорооны Хөдөлмөрийн хэлтэс дээр гэрээт ажилчдын бүртгэл хийгдэж байна” гэсэн мэдээлэл ташаа аж. Бүртгэлийн хувьд цахимаар явагдах юм байна.
ХХҮЕГ-аас өгсөн мэдээллээр Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг аж.
Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон. Тиймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгээгүй. Одоо нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч, иргэдээ вакцинжуулж байна. Удахгүй цар тахал намжина гэсэн төсөөллөөр Өмнөд Солонгосын талтай харилцан зөвшилцөөд, өнгөрсөн есдүгээр сараас бүртгэл явуулахаар болж, товоо зарлажээ.
Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явсан байна.
Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт, шаардлага үүсээд буйг харуулж байна. Өмнө нь буюу цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй аж. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгджээ. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна.
Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээхээр төлөвлөжээ.
Ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг байна. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 80 ажлын санал ирсэн аж. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очжээ.