Хулгайн гэмт хэрэг гаарсаар иргэд ч байх ёстой зүйл шиг хүлээж авах болж. Хөдөлмөрөөрөө бий болгосон зүйлээ урт гартны халаасанд хийнэ гэдэг байж боломгүй. Ялангуяа гар утасны хулгай хаа сайгүй, өдөр тутам тохиолддог бөгөөд олон удаа алдсан хүн гэхэд л ингээд л алдах ёстой юм шиг сэтгэл зүйтэй болдог. Гэвч бид энэ бүхэнтэй тэмцэх боломжтой. Залхууралгүй урьдчилан сэргийлж мөн алдсан даруйдаа цагдаад мэдэгдэх ёстой. Үнэндээ манайхны дийлэнх нь одоо олдхоосоо өнгөрсөн гээд хаячихдаг шүү дээ. Олсон ч бай, олоогүй ч бай цагдаагийн байгууллагат заавал мэдэгдээрэй.
Мөн урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллагаас олон зүйл хэрэгжүүлж буй. Асуудлыг шийдвэрлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран www.smartdevice.mn вэб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Дээрх сайтад та ухаалаг утасныхаа IMEI кодыг бүртгүүлснээр алдсан гар утас, зөөврийн компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжөө богино хугацаанд олох боломжтой ажээ.
Утсаа алдсан тохиолдолд хэрэглэгч бүртгэлтэй утсаа “алдагдсан” төлөвт оруулахад тухайн утсанд ямар сим карт хийгдсэн талаарх мэдээллийг үүрэн телефоны дөрвөн операторын аль нэг рүү нь мэдээлэл ирэх аж. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хэрэглэгчийн утсыг түргэн шуурхай олж өгөх бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь иргэд тус сайтад бүртгэлээ идэвхтэй хийх хэрэгтэй.