Ийм цэвдэг хэрэг олны ярьдагаар Гэмтлийн эмнэлэгт гарчээ. Өвчтөн М.М нь 2018 онд тус эмнэлэгт зүүн хөлний шилбэний мэс засалд орж, хоёр жилийн дараа буюу 2020 онд хадаас авах мэс засалд оржээ. Тухайн үед тэрээр эмнэлгийн Насанд хүрэгсэдийн гэмтэл согогийн 1-р тасгийн их эмч эмч С.Г-д 500 мянган төгрөг өгсөн тухайгаа хамаатнууддаа ярьж байжээ. Тэд ч эдгэрч байвал хамаа алга хэмээн хүлээн авсан байна. Удалгүй эмч утасдаж, өвчтөн эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь нас баржээ. Үүний дараа эмч авсан мөнгөө аавынх нь дээлний энгэр рүү чихээд яваад өгсөн аж. Энэ тухай гэрч Ж.М нь “…Талийгаач анх 2018 оны 5 дугаар сард хотод эмчлүүлж байгаад хөдөө гэртээ ирээд Гэмтлийн эмнэлгийн Г- гэдэг эмчид 500.000 төгрөг өгсөн гэж ярихаар нь хөлтэй л болж байвал мөнгө яах вэ гэж хэлж байсан. Дүү М нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байсан. …2020 оны 6 дугаар сарын эхээр шарил хадгалах өрөөнөөс шарилыг нь авах гээд Гэмтэл согог судлалын төвийн гадаа бид нарыг зогсож байтал миний араас нэг хүн татах шиг болохоор нь эргээд хартал Г гэдэг эмч гэх нүдний шилтэй, 30 орчим насны залуу нэг гартаа 10.000 төгрөгийн дэвсгэртүүд барьчихсан миний гарт атгуулах гээд байхаар нь би аваагүй, би хуулийн өмнө наадахыг чинь шийднэ, та нар хүн алчхаад яах гээд байна гэчихээд шарил хадгалах өрөө рүү алхаад үүдээр нь орох гэтэл араас татаад миний дээлний өвөрт тэр мөнгөнүүдээ чихчихээд юу ч ярилгүй зугтаагаад явчихсан…” гэж мэдүүлжээ. Ийнхүү Шүүхээс тухайн эмчид нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах ял оноожээ.