Иргэдийг эдийн засгаар нь ялгаварлан гадуурхаж, авто зогсоолын төлбөрийг 3000, машин ачлагын төлбөрийг 60 000 байсныг 100 000 болгох саналыг Д.Сумъяабазар НИТХ-ын даргад өргөн барьсан ч гуравдугаар сарын НИТХ-аар хэлэлцэгдээд дэмжигдээгүй байна. Эдийн засгийн хямралд иргэн бүр унаж, дундаж амьдралтай байсан хүмүүс ч хоолтой, хоолгүй, бензин тосгүйдээ тулчихаад байхад нийслэлчүүдийг улам шахаанд оруулж, санхүүгээр нь боомилон, ийм арга хэмжээ авбал иргэд унаагаа унахгүй, авто замын түгжрэл багасна хэмээн увайгүй загнасан тэрбээр энэ алдаагаа иргэд рүү чихжээ. Тодруулбал “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хоёрдугаар сард захиалгаар хийлгүүлсэн судалгаанд “Ямар арга хэмжээ авбал түгжрэл буурах вэ” гэсэн асуултад оролцсон иргэдийн 73 хувь нь ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол жолооч нар дуртай газраа машинаа орхиж явахгүй гэж хариулсан. Бүр 84 хувь нь 150 мянган төгрөг болгохыг дэмжсэн” гэдэг утгагүй тайлбарыг тавьж байгаа юм.
Уучлаарай, Засаг дарга аа, нийслэлчүүд байтугай монголчууд наад ачлага гээч зүйлийг чинь дургүйлхэж, харин ч ачигдах гэж буй машины эзэн рүү утасдаж, болиулах, нийтээрээ зэмлэх, бүр замыг нь хүртэл хааж зогсон амь нэгтэй тэмцэж байхад “Иргэд 100 000 болго, бүр 150 000 болго” гэсэн гээд хээв нэг гүтгэлэг хийгээд сууж байх нь үнэнд нийцэх үү. Ковидын он жилүүдэд монголчууд битгий хэл дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд өртөж, хэчнээн байгууллага, компани үүд хаалгаа барин, дампуурлаа зарлаж буйг харсаар байж өдгөө бүр машинаа ч унах эрхгүй, санаандгүй ачуулбал дааж давшгүй өрөнд унагах, ганц цагийн зогсоолд 3000 төгрөг өгч халааслыг нь хоослох санаа яаж санаанд тань орж, сэтгэлд тань буудаг байна аа. Тэгээд бас Хүүхдийн Паркад 1000 машины зогсоол бариулах санаагаа хэрэгжүүлэх гээд явж байгаа нь Д.Сумъяабазар таны бизнесийг өргөжүүлэх утгатай юм биш биз гэдэг хардлага төрж байна. Машины зогсоол барих санаагаа Д.Дагвадоржийн Цирк дээр ч хэрэгжүүлэх гэж төлөвлөөд байсныг мэднэ. Ийм увайгүй, ухамсаргүй, ард түмнээ гэх сэтгэлгүй байж Нийслэл хотыг удирдана гэж байхгүй ээ. Ядуу, хоосон, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь иргэдээ ялгаварлаж, мөнгөгүй нь машинаа орхиод алх гэсэн дарамтаар шантаажилдаг Засаг даргатай чамгүй зүдрэх нь дээ, нийслэлчүүд ээ.