Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол Ардын Намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.
Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.
“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР
АЛБАН БИЧИГ:
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.
МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ-1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн дөрөвдүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:
Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан.
Эх сурвалж: president.mn