Монголд тоотой хэдхэн чанартай, үнэ цэнтэй жүжигчин бий гэж харагддаг. Мэдээж өнөө цагт ид хийж бүтээж буй жүжигчдийг үнэлэхэд шүү дээ. Эдэн дундаас алтангадас од мэт тодоос тод гэрэлтэн, өөрийн өнгө төрх, мөн чанараа урлагийн салбарт чангахан тамгалсан хүн бол жүжигчин, СТА Г.Отгонцэцэг. 2003 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлт түүнд сайхан бүсгүйн бүхий л шинж бий.
АНУ-ын Миссури мужийн Их сургуульд Кино зохиолч, Продюссерийн мэргэжлээр мастер хамгаалсан тэрбээр эх орондоо ирснээс хойш хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараанаас холхон, нам жим амьдарч буй. Бид чамгүй хөөцөлдсөний эцэст түүнээс анх удаа ярилцлага авч, зочноороо урих боломжтой болсон юм. Энэ цаг үеийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг тэрбээр ажил, амьдрал дээр чин сэтгэл, үнэнч зан, туушдаа байдлыг чухалчилдагаараа өнөө цагт ховордсон нэгэн гэдгээ ахин дахин баталдаг. Түүний итгэл дүүрэн ярилцлага уншигч танд таалагдана биз ээ.
-Г.Отгонцэцэг эх орондоо ирээд нэг жилийн нүүр үзлээ. Сүүлийн үед хэвлэлээс бол холхон, нам жим байлаа. Сонин сайхан юутай байна вэ?
-Нутагтаа ирээд хорионд байсаар нэг жил болж байна даа. Эх орондоо сүүлийн тав, зургаан жил байгаагүй болохоор хувийн амьдралаа төвхнүүлж, хүүгээ сургууль соёлд оруулах гэх мэтээр цэгцлэх асуудал их байлаа. Үүний хажуугаар Соёлын яамны дэргэх Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн Тайз, Дэлгэцийн Урлагийн Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийг хариуцан ажиллаж байна. Уран бүтээлийн тал дээр янз бүрийн ажлын саналууд их ирж байгаа ч Ковидын нөхцөл байдалтай уялдаад учиргүй уран бүтээл гээд зүтгэхээс илүү эрүүл мэнд, үр хүүхэддээ анхаарал тавьж, бас бус хувийн амьдрал ажлууддаа илүү төвлөрч байна. Гэхдээ өнгөрсөн зун найруулагч Батбаатарын “Зангараг-2” төслийн шинэ уран бүтээл “Төгсгөл” уран сайхны кинонд тоглоод амжсан шүү. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст шинэ найруулагч, шинэ хамт олонтой хамтран ажиллах сайхан байна. Мөн зохиолч, найруулагч Соёлтын Баярсайханы шинэ уран бүтээл “Нил цагаан” нэртэй поп опера жүжигт тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Өөр ч олон уран бүтээлийн саналууд ирж байгаа ч тэр болгонд тоглоно гэж юу байх вэ. Мэдээж зохиолыг нь уншиж таалагдсан бүтээлээ сонгож тоглох нь миний эрх шүү дээ.
-Өө, бас ч гэж хөдөлгөөнд ороод эхэлжээ. Отгоо маань хэдэн маамуутай болоод байна вэ?
-Нэг маамуутай болсон /инээв/.
-Нэг маамуу нь одоо хэдэн настай болсон бэ. Хүү байх аа?
-Тийм ээ, хүү маань одоо зургаан нас хүрэх гэж байна.
-Хүү нь Америкт төрсөн байх аа. Америкийн иргэншилтэй болсон гэсэн үг үү?
-Тийм ээ, Америкт төрсөн.
-Хүү нь анх удаа монголдоо иржээ. Дасан зохицож байна уу?
-Гадаадад төрсөн хүүхдүүд монгол хэл, соёлоо мэддэггүй. Хүний нутагт төрж өсөхөөр цаашлаад хүссэн хүсээгүй гадны соёл хүмүүжилтэй болчихдог. Би хүүгээ тийм болгохыг хүсээгүй. Америкт төрсөн гээд заавал гадаад соёлоор хүмүүжих албагүй, Монгол хүн учраас Монголоо сайн мэддэг байх хэрэгтэй. Тиймээс зургаа, зургаан сараар Монгол, Америк хоёр улсын хооронд ирүүлж, очуулдаг байсан. Хүү маань Монгол хэл соёлоо сайн мэднэ ээ. Ээж маань настай хүн гэхэд хоёр улсын хооронд хүүг маань завсаргүй зөөж, надад хичээл сургуульдаа амжилттай суралцахад маш их тус дэм болсон доо. Сургуулиа амжилттай төгсөх боломж олгосон ээждээ л их баярлаж, талархаж явдаг.
-Ээж нар мундаг шүү. Дахиад хүүхдийн төлөвлөгөө байна уу?
-Одоохондоо тийм төлөвлөгөө байхгүй.
-Отгоо Америкт таван жил боллоо. Төгссөн сургууль, мэргэжлийнхээ талаар яриач?
-Америкт яг таван жил номын дуу сонсож, гадны улс нийгэм соёлтой танилцаж, их ч зүйлийг суралцсан. Сургуулийн хувьд Миссүри мужийн улсын Их сургуульд мастераа Кино зохиолч, продюссер мэргэжлээр амжилттай хамгаалаад ирсэн. Очоод эхний хоёр жил хэлний курст, дараагийн хоёр жил мастертаа сураад, сүүлийн нэг жил мэргэжлээрээ ажиллах эрхээ авч хажуугаар нь Төслийн Менежер чиглэлээр дахин мастерын зэргийн программ эхлүүлчихээд байж байтал ковид гэж гайхал гараад хамаг төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Мэргэжлээрээ ажиллах эрхээ авсан ч гэсэн улс даяараа бүх салбараа хааж, энтертаймент салбар хамгийн түрүүнд хаагдсан. Нөхцөл байдал хүнд байсан л даа. 70 шахсан ээж маань миний мастерын төгсөлтийн ёслолд оролцохоор АНУ–д очсон байсан ч ковидоос болж тэр чигтээ гацсан. Эх орон руугаа харихын түүс болж байсан өндөр настай ээжийгээ өдөр бүр мэдээ үзэж, санаагаар унахыг харах их хэцүү байсан учраас ээжийгээ бодоод нутаг буцах шийдвэр гаргасан. Эцсийн эцэст тулсан цагт хүн эцэг эх, үр хүүхдээ л сонгон уу гэхээс алсын Америкт дараа нь хэзээ л бол хэзээ очиж болох юм чинь гэж боддог юм билээ. Прожект менежмэнтийнхээ мастерын сургалтаа ч орхичихоод ирсэн. Хүсвэл онлайнаар сурч болно л доо. Гэхдээ нэгэнт Монголдоо ирээд уран бүтээлийн ажилдаа орчихсон учраас нэг зүйлдээ төвлөрөх шийдвэр гаргасан. Ажлын ачаалал, цагийн зөрүү гээд олон шалтгааны улмаас сурах хэцүүгээс гадна ажил төрөл, ар гэр, хүүхдийн асаргаа бүхнийг зэрэг амжуулна гэдэг амаргүй.
-Тэнд ямар ажил хийж байв аа. Хүний нутагт хүн болгон л ажилладаг шүү дээ, сурахын хажуугаар?
-Америкийн хуулийн дагуу бол гадаад оюутнууд ажил хийх эрхгүй. Гэхдээ сургуулийнхаа кампуст долоо хоногт 20 хүртэл цаг ажил хийх эрхтэй. Бакалавр, мастер, докторант хамгаалсан, амжилттай төгссөн оюутнууд тодорхой шалгуур үзүүлэлтийн доор мэргэжлээрээ ажиллах эрхийг авдаг. Миний хувьд ажил хийхээс илүү хичээл сургууль, үр хүүхэддээ илүү цагаа зориулж, ач холбогдол өгдөг байсан. Хүний нутагт нялх хүүхэдтэй, хажуугаар нь хичээл сургууль, ажил амьдрал гээд бүх зүйлийг зэрэг зохицуулах бас л амаргүй. Гэсэн ч цөөхөн цагаар, заримдаа илүү цагаар ч хамаагүй боломжоороо ажилладаг байсан. Өвөл, хаврын амралтаараа АНУ-ын мужуудаар аялж, зуныхаа амралтаар Монголдоо ирчихээд, бусад үед хичээлтэй болохоор тогтвортой нэг газраа удаан ажиллаж байгаагүй ээ.
-Тэгвэл мэргэжлийн тухайд мөн гоо үзэсгэлэнтэй залуу эмэгтэйн хувьд энтертаймент салбар хөгжсөн тэр том улсад өөрийнхөө үнэлэмжийг хэр хэмжээнд тогтоов оо?
-Авьяас чадварын хувьд бид юу дутахав. Магадгүй илүү ч байх гэж бодож байна.
Ерөнхийдөө ази бүсгүйчүүд насны хувьд оворгүй залуу харагдахаас гадна бие галбираар гадныхныг дагуулахгүй. Гадныхан ер нь л илүүдэл жин, таргалалт ихтэй байдаг. Ер нь Япон, Солонгос, Вьетнам, Монгол гээд бүх л Ази хүмүүсийг тэнд ихэнх нь Хятад хүн гэж хардаг. Гэхдээ намайг Ази гэхээс илүү Европ уу гэж их асуудаг байсан. Франц уу, Ливи үү гэх мэтээр. Бүр нэг ч хүн Ази, Хятад хүн үү гэж асууж байгаагүй. Европ хүн үү гэж асуух тусам “Үгүй би Монгол хүн” гэж хэлэхдээ өөрөөрөө, Монгол хүн гэдгээрээ их бахархдаг байсан шүү /инээв/.
-Отгоогийн хувьд энэ цаг үеийн хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн нэг. Тоглосон дүр болгоноо бодит мэт амилуулдаг шүү дээ. Ихэвчлэн эсрэг дүрд ч тоглодог болоод тэр үү энэ ёстой зэвүүн хүүхэн шүү гэсэн бодлыг үзэгчдэд хэдийнэ өгчээ. Өөртөө ер нь ихээхэн итгэлтэй байна биз?
-Миний нэг давуу тал гэвэл би ямар ч зүйлд, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг. Аливаад чин сэтгэлээсээ хандаж сурна гэдэг бол хүн байхын эхлэл. Жорлон угаасан ч гялтайлгах хэрэгтэй. Тэгэхээр хийж байгаа зүйлдээ хэрхэн хандахаас үр дүн нь гардаг. Тэр үр дүн чамайг хэн бэ гэдгийг тодорхойлдог. Иймээс би өөрийгөө мундаг, сайн жүжигчин гэхээс илүү хүн чанар сайтай, итгэлтэй хүн гэж бардам хэлж чадна. Миний энэ шинж чанар, юманд хандах хандлага, түүний үр дүн нь намайг хэн бэ гэдгийг тодорхойлж өгдөг болов уу.
Уран бүтээлийнхувьд би эсрэг эсвэл эерэг яг энэ дүрд тоглоно гэж хүссэн дүрээ согох эрхгүй. Дийлэнх найруулагчид надад эсрэг дүрд тоглох санал тавьдаг. Эерэг дүр ирж байсан ч зохиол нь жаахан үлбэгэр, цагаан бол тоглодоггүй. Ер нь надад тоглох санал тавьсан бүтээл болгонд тоглодоггүй. Зохиолоо маш сайн уншиж, танилцаад төрөл жанрыг нь анхаарч хардаг. Уран бүтээлч хүн юунд ч хамаагүй ороод, юмны тоо гүйцээх гэж байгаа мэт юм юм руу үсчээд байх утгагүй. Хийх гэж байгаа бол хийсэн шиг хийхийн тулд хэзээ хаана, ямар бүтээлд орох вэ гэдэг тал дээр цэнзуртэй хандаж, тоонд биш чанар, үр дүнд чухал ач холбогдол өгөх ёстой.
-Гэхдээ гадаад төрх чинь бас дүр сонголтод нөлөөлөөд байна уу. Нэг тийм зэвүүн хүүхэн шүү дээ, хараад байхад. Магадгүй эерэг дүрд тогловол үзэгчид хүлээж авахгүй болов уу?
-Гадаад төрх нөлөөлж л байгаа байх. Мэдээж энхийн цагаан тагтааны дүрд тоглохыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ ихэнх эерэг дүрүүд хэтэрхий цагаанаар бичигдээд байдаг. Цагаанаас гадна эерэг дүр тоглох юмтай, өөрийн гэсэн онцлог шинж чанар, үйлдэл, тодорхой зорилготой байх ёстой л доо. Кинонд ч, жүжигт ч эсрэг дүр заавал цагаан дүрийг тодотгодог. Тухайлбал, Парисын Дахь эхийн сүм, Ромео Жулетта адилхан л сонгодог жүжиг. Гэтэл Парисын дарь эхийн сүм жүжгийн Смиралдагийн дүр маш их тоглох юмтай шүү дээ. Хайртай дүр минь. Гэтэл Жульетта бол зүгээр л цагаанаар бичигдсэн, хайр дурлалдаа шатаж яваа бүсгүйн дүр. Харин түүний дүрийг эргэн тойрных нь маш хурц дүрүүд тодотгож өгдөг. Киноны цагаан эерэг дүрд бол мэргэжлийн бус хүн ч тоглочихдог. Эерэг дүрийн жүжигчин муу тоглосон ч эсрэг дүр сайн тоглосон байхад л ер нь тодроод ирдэг гэх үү дээ.
-Зохиолд хурц, тод эсрэг дүрүүд байх нь уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байх нь?
-Тэгэлгүй яах вэ. Сайн дүрүүд байж байж л сайн зохиол гэгдэнэ. Үүнд сайн жүжигчид тоглож байж сайн чанартай кино болно шүү дээ. Гэтэл миний анзаарснаар ялангуяа сүүлийн үед зарим уран бүтээлчид чанарын талаар боддоггүй. Кино хийж, таван цаас олж л байвал болоо гэсэн аятай дээр нь төсөв мөнгө муутай болохоор од болох дуртай мэргэжлийн бус залуусыг тоглуулаад уран бүтээлийнхээ чанарыг их алдагдуулдаг. Нөгөөдүүл нь үнэгүй ч хамаагүй тоглодог болохоор тэр. Үр дүнд нь уран бүтээлд нь дүр гарахаасаа илүү иймэрхүү хүмүүс байдаг, ингэж аягладаг гэх маягтай үзүүлэн тоглолтууд харагддаг.
-Чи олон кинонд тоглоогүй. Цөөхөн кинонд тоглосон, гэхдээ тэдгээр нь бүгд л амжилтад хүрчээ?
-Тийм ээ, цөөхөн. “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Орхидос”-1, 2, “Боолын гэрээ”, “Зургаа дахь хүсэл”, “Аюулгүй тэнэгээ” гээд инээдмийн кино болон манай “Найзууд” театрын бүтээл “Амьдралын Амт” зэрэг хэдхэн кинонд тоглосон байна. Жүжигт бол театрын тайзнаа олон сайхан уран бүтээлүүд дээр ажилласан шүү. Гол дүрд тоглосон жүжиг гэвэл “Парисын Дарь эхийн сүм”, “Нора”, “Манекэн”, “Тэнгэрийн хүү”, “Хайрын домог”, “Гэрэлт Гүнжийн домог” хамгийн анхны “Чамайгаа алдмааргүй байна” гэх мэт дурдаад байвал бас байна аа байна. Энэ бүхнийг олонд хүргэхийн тулд мэдээж хичээл зүтгэл, хамтран ажиллаж буй авьяаслаг уран бүтээлчид маш чухал. Гэснээс жүжиг театр гээд ярьсан чинь театраа саначихлаа. Театрын хамт олны минь дэмжлэг, хайр ивээл өнөөдрийн намайг бий болгоход маш их нөлөөлсөн. Тиймээс театрынхаа нийт хамт олон, уран бүтээлчдэдээ Монгол Улсад театрын урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэе.
-Отгоо тайз, дэлгэцийн аль ч уран бүтээлд тоглодгоороо зангарагтай жүжигчин. Аливаад зэрэг зиндаа гэж бий. Отгоогийн хувьд дээд зэрэглэлийн жүжигчин гэж үнэлэгдэх байх?
-Тэрийг үзэгчид л дүгнэнэ дээ. Ер нь бол тайз ямар ч жүжигчнийг нэвт шувт харуулдаг. Жүжигчний дотоод эмоцийг үзэгчдэд үзүүлж тоглоно гэдэг драмын урлагт огт байж болохгүй. Тухайн жүжигчний ийм үзүүлсэн хиймэл тоглолт нь үзэгчдэд таагүй мэдрэмж төрүүлдэг. Нэг ёсондоо нэвтэрхий толь л гэсэн үг. Биеийн галбир, дуу хоолой, ур чадвар, алхаа гишгээ тэр бүү хэл чиний хандлагыг хүртэл ил тод харуулдаг. Тайзан дээр жүжигчин Дэлгэцийн урлаг бол онцлогтой, монтажны урлаг. Кинонд харьцангуй мэргэжлийн бус хүмүүс тоглож болно. Жүжигт мэргэжлийн бус байтугай мэргэжлийн хүмүүс нь ч чаддаггүй байх нь их. Яагаад гэвэл кинонд олон дубль авахуулж, хамгийн сайныг нь түүж монтажны гайхамшигийг харуулна. Тэр киноны ард юу болсныг хэн ч мэдэхгүй. Бүтэн өдөржин ганц сцен авахуулсан жүжигчин хүртэл байдаг гэж сонссон. Сүүлдээ найруулагч, оператор нь уурлаад, ийм жүжигчин байдаг юм уу гэж байсан гэдэг. Бүтэн өдөржин авсан дублиэс шилдэг гэсэн ганцханыг нь монтажлаад оруулдгаараа кино онцлогтой. Харин тайзан дээр юуг ч өөрчлөх, нууж хаах боломжгүй. Юун монтаж. Энэ жүжигчин дүрээ амилуулж чадаж байна уу үгүй юу гэдэг нь чиний дуу хоолой, амьсгаа, харц, хурууны үзүүрийн хөдөлгөөнөөр хүртэл нэвт шувт харагдаж, үзэгчидтэй шууд амьд харилцаа үүсгэдэг. Тэгэхээр тайзны жүжигчин, кино жүжигчин гэж тусдаа л даа.
-Отгоо харин кинонд тоглохдоо хэдэн дубль авахуулж байна вэ?
-Янз бүр. Аль болох цөөхөн дубль авахуулахыг л хичээдэг дээ. Гэхдээ хэрэв жүжигчин ганц л дубль авахуулъя гэж тогловол утгагүй. Хамгийн гол нь дүрээ мэдэрч, өөрийнхөө бие организмаар дамжуулж дүрийнхээ зүрх сэтгэлийг бие сэтгэлээрээ, дотроосоо мэдэрч гаргах нь чухал. Жүжигчдийн хувьд дотроосоо мэдэрч зүрх сэтгээлээсээ тоглодог, гаднаасаа үзүүлж тоглодог гэж хоёр ангилагддаг. Үзүүлж тоглодог жүжигчдэд бол өөрсөдөд нь хөнгөн, зовлонгүй байдаг. Комедиа, инээдмийн төрөлд энэ арга барил илүү тохиромжтой. Драмын жүжгэнд бол үзүүлж тоглох нь тохиромж муутай. Яагаад гэвэл драмыг үзүүлж тоглох боломжгүй. Хүний зүрх сэтгэл, уйтгар гунигийг үзүүлж тоглож болохгүй. Би нулимс гаргаж байна, уйлж байна гэж үзүүлж тоглох боломжгүй. Комедиа дээр хүн ингэж уйлдаг гэж худлаа нулимс унагаж болно шүү дээ. Хүнийг инээлгэх зорилготой учраас комедид үзүүлэн тоглолт өөрөө хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр ялгаа бол асар их. Мэдээж хүнийг инээлгэнэ гэдэг бас л авьяас шүү. Миний хувьд комедигоос их хол цэвэр драмын хүн.
-Дээр үед жүжигчин Эрдэнэцэцэг, Пүрэвсүрэн та гурав тайзан дээр нүцгэлсэн байх аа?
-Тэр үед бүр нүцгэлээгүй шүү дээ. Урлаг гэдэг чинь урлахыг, энгийн зүйлийг уран болгож, үзэгчдэд хүргэхийг хэлж байгаа юм. Урлаг талаас нь үзэгчдэд гоо сайхныг харуулах маягаар тодорхой поз авах маягтай гадуур хувцсаа тайлах ч юм уу тиймэрхүү үзүүлбэртэй сценүүд бол байсан. Гоё поз авч, хагас мөрөө гаргадаг ч юм уу. Үзэгчдэд юуг, яаж аль өнцгөөс нь үзүүлж харуулах нь тухайн жүжгийн найруулагчийн шийдэл, зохиолын төрөл жанр, зохиол дахь дүрийн зорилгоос хамаарна. Нөгөө өнцгөө олно гэдэг шиг гоо сайхныг үзэгчдэд харуулж, сэтгэлийн таашаал өгөх хэрэгтэй шүү дээ.
-Одоо нүцгэлэх санал тавибал тоглох уу?
-АНУ–с ирснээс хойш эротик төрлийн киноны саналууд хэд хэд ирсэн. Манайхан харьцангуй эротик, секси төрлийн кинонууд их хийдэг болсон байна гэж бодсон. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэлээрэй гэдэг. Би хэзээ ч тоглохгүй гэж хэлэхгүй. Үнэхээр гоё зохиолтой, гоё дүртэй, сайн найруулагчийн сайн баг хамт олонтой уран бүтээлд яагаад орж болохгүй гэж.
-“Аюултай харилцаа” кинонд нүцгэлдэг хэсгүүд нэлээн гардаг, тийм ээ?
-Зохиолынхоо дагуу, дүрийнхээ шугамын дагуу нэг л үзэгдэл дээр гардаг. Түүнээс биш утга учиргүй нүцгэлэлт бүхэл бүтэн киногоо гутаах магадлалтай ч байж болно.
-Мэдээж бие галбир, дүр төрхийн хувьд нүцгэлүүлэх жүжигчнээ цензурдэж байж оруулна шүү дээ. Отгоо тийм дүрийг бүтээхэд гоо сайхны хувьд тэнцдэг гэсэн үг байх?
-Найруулагч нь тэгж харвал мэдээж. Одоохондоо гологдох болоогүй л гэж бодож байна /инээв/.
– “Орхидос”-1, 2, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” гээд л тоглосон киноны дүрүүд нь яг л бодит мэт санагддаг?
-Баярлалаа. Зохиолоос их зүйл шалтгаална. Мэдээж бас тоглолт, дүрээс бас их шалтгаална л даа. Би аль болох өөр өөр онцлог шинж чанартай, өөр өөр жанрын, хийх юмтай дүрүүдийг сонгодог. Сүүлийн үед надад олон ч уран бүтээлийн санал ирсэн. Гэвч нийтлэг нэг зүйл анзаарагдаж байгаа нь зохиолууд маш муу байна. Урьд нь зохиолоо уншаад зөвхөн өөрийнхөө дүр дээр л ажилладаг байсан бол кино зохиолчоор сураад ирсэн чинь зохиол уншихаараа бүтэн зохиолоор нь харж, дүр болгоныг нь уншиж, анализ хийдэг болчихсон. Ний нуугүй хэлэхэд манайд хуучных шиг киноны сайн зохиолч үнэхээр ховордсон л доо.
-Ядаж байхад өөрөө зохиолчоор төгсөөд ирсэн байдаг. Ирснээсээ хойш уншсан кино зохиолууддаа хэр шүүмжтэй хандаж байна. Отгоо одоо зохиол бичих боломжтой болсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Яг одоо би өөрөө нэг зохиол дээр ажиллаж байна. Англи хэл дээр бичиж байгаа учраас жаахан хугацаа орж байна. Англи хэл байтугай Монгол хэлээрээ зохиол бичихэд үгийн баялгаас эхлээд амаргүй. Зохиолч байна гэдэг хүнээс маш өргөн цар хүрээтэй, нөр их мэдлэг шаарддаг юм байна. Олон төрлийн мэргэжлийн талаар өргөн ойлголт, мэдээ мэдээлэл, судалгаа хийх шаардлагатай. Дээр нь агуу их үгийн баялаг, онч мэргэн байх чухал. Зүгээр нэг хэдэн үг холбоод зохиол болчихгүй. Тиймээс ямар ч уран бүтээл хийсэн бүх зүйлд зохиол бол маш чухал. Зохиол бас дахин зохиол. Холливудын стандартаар бол зохиол нь цаасан дээр буулгасан кино байх ёстой гэж үздэг. Кинонд гарч буй үг, үйлдэл бзр зохиолд нэг бүрчлэн бичигдсэн байдаг. Гэтэл манайд харамсалтай нь тийм биш. Ингээд л ойлгомжгүй зүйлсийг нь асууж, шүүмжтэй талыг нь хэлэхээр манайхан гоочлоод, доромжлоод байна гэж хүлээж авдаг. Гадныхан бол бусдаас шүүмжлүүлж, алдаа оноогоо сонсож, мэдэж аваад дутагдлаа сайжруулж, засаж залруулах тал дээр маш их анхаардаг. Мэргэжлийнхүмүүсээс фийдбак авахын тулд бүр мөнгө төлдөг шүү дээ. Гэтэл манайхан зарим зүйл дээр зөвлөөд хэлэхээр “Энэ одоо юу болчихсон юм, хэн болчихсон юм” гэх хандлагатай байдаг.
-Кино контент манайд одоо их хөгжиж байна. Энэ талаар юу гэж бодож байна, зохиолын хувьд?
-Сүүлийн үед манайд кино контент гэдэг зүйл их хөгжжээ. Тэгтэл зохиолууд нь ёстой авах юмгүй, аймшигтай. Хэт хөнгөн, одоогийн нийгмийн байдал, стресстсэн хүмүүсийг хөгжөөх гээд байгаа мэт боловч яг үнэндээ үгүй. Үнэхээр халтуурны, тэр хэрэглэж буй үг хэллэг нь хүртэл бүр маш муу, ядуу сэдэвтэй, бусдад өгөөжгүй контентууд их хийгддэг болсон байна. Дүр гэж бүр нэг ч байхгүй. Зүгээр ийм хүмүүс байдаг, ийм юм болж байна л гэж харуулаад,хэдэн юмнууд жүжиглээд байгаа болохоос зохиолын дүр гэж байхгүй, хэн байж байгаад хэн болов, утга санаа юу ч байхгүй. Хүмүүсийг инээлгээд л элгийг нь аваад хаячихвал алаад байна гэж ойлгоод байна. Тэрийг нь үзэж байгаа хүүхдүүд юу ойлгож, сурч мэдэх вэ? Нэг хэсэг нь кино урлагийг хөгжүүлэх гээд хичээж, гадаад дотоод руу фестиваль энэ тэрд явж Монголнхоо соёл урлагийг гадаадад танилул, хөгжүүлж байхад, нөгөө хэсэг нь гутаагаад, халтуурдаад л байгаа юм.
-Заримдаа ч инээхээс ч дургүй хүрмээр бүтээлүүд гарч л байх юм. Инээлгэхээс илүү доромжлоод ч байгаа юм шиг. Гялс хэдэн төгрөг олчих гэсэн санаа харагдаад байдаг л даа?
-Хамгийн эмгэнэлтэй нь за яах вэ тэрийг хийж байгаа хэдэн хүн өөрсдөө од болоод, гоё хувцас өмссөн хэдэн хүн тоглуулаад үзэгчдийг гадна хэлэбрээр нь хуураад хэдэн төгрөг олчихдог юм байж. Гэтэл Монгол Улсын ирээдүйн боловсон хүчин болж өсөж торниж, сурч боловсрох ёстой үр хүүхдүүд маань юу үзэж, хөгжиж, хүмүүжээд байна вэ гэдэг харамсалтай. Одоо соёлын яамтай болсон юм чинь кино контент өөр ямар ч бүтээл байсан бүгдэд хяналт тавьж, цензур тогтоож байж телевизээр гаргах уу, олны хүртээл болгох уу гэдийг шийдэх хэрэгтэй.
-Гадаадад сурч, энэ талаар илүү мэдлэг, боловсролтой ч болж. Чи өөрөө Соёлын яам хавиар ажиллаж, бодол саналаа хүргэдэг байвал яасан юм бэ?
-Одоогийн байдлаар албан ёсоор энд тэнд ажиллаагүй байна. Олон жил эзэнгүй байсан соёлын салбар маань 30 жилийн дараа нэг юм дахин Соёлын яамтай болоод удаагүй байна. Дөнгөж эхэлж байна. Соёлын яам маань ч саяхан байгуулагдсан шинэхэн, сайд нь ч шинэхэн. Соёлын яамны дэргэд өөр өөрийн чиг үүрэг бүхий 14 салбар бүхий Залуучуудын урлагийн зөвлөл байгуулагдсан. Үүнээс Тайз, Дэлгэцийн Урлагийн Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийг хариуцаад ажиллаж байна. 11 дүгээр сарыг Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгож зарласан. Үүний хүрээнд 11 сарын 11-нд соёлын бүтээлч залуусын оролцоо сэдэвт онлайн болон танхимын зөвлөгөөнийг зохин байгууллаа. Ер нь бодсон санасан, хийхийг хүсч бй зүйл мэдээж олон бий.
-Уулзсаных ганц хоёр хувийн чанартай асуулт тавья. Америкт хэдэн жил амьдарсных Монгол эмэгтэй хүний үнэлэмжийн талаар ямар бодолтой болсон бэ. Гадаад гоо сайхнаас гадна дотоод мөн чанар нь юу вэ?
-Монгол эмэгтэйчүүд бол гайхамшигтай. Гэр бүлсэг, халамжтай, үнэнч, дайчин, ахуй амьдрал, үр хүүхэд хань ижлээ хайрлаж, халамжлаад явдаг, маш хүчирхэг. Жишээ нь, архичин, ажилгүй нөхрөө хаяад явах нь ер нь ховор доо. Эсрэгээрээ чадлаараа халамжлаад тэжээгээд л, засаж залруулаад өөд нь татаад явчих хандлага байдаг. Гадны хүүхнүүд бол өөр, ёстой уучлаарай шүү дээ. Америк эмэгтэйчүүд их хүйтэн, хөндий санагддаг. Миний л мэдэхээр сүүлийн үед залуу гадаад эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх дургүй болсон. Хүүхдийг тэд хариуцлага, мөнгө гэж хардаг. Тийм учраас хүүхэд төрүүлэхгүй өөрийнхөөрөө амьдарна гэдэг. Ерөнхийдөө гадаад эмэгтэйчүүд хувь хүний эрх, өөрийн аз жаргал, ая тухтай байдлыг эн тэргүүнд тавьдаг. Тэд хэзээ ч ажилгүй, архичин нөхрөө өөд нь татаад явахгүй. Ажилгүй, буйдан дээр удирдлага бариад хэвтэхийг харах дургүй гээд л хоёр жаахан хүүгээ аваад салж байсан эмэгтэйг мэднэ. Гэтэл монгол бүсгүйчүүд хайрлана, халамжилна, бараг л өөр юм дагаад явчихгүй бол болоо гээд л баярладаг. Өр зөөлөн сэтгэл, хүн чанар, үр хүүхэд гэр бүлээ гэсэн сэтгэлтэй. Үүгээрээ маш их ялгаатай.
-Тийм шүү, Ингэхэд Отгоог ангийнхаа залуутай суусан гээд байдаг юм билээ. Үүнд албан ёсоор хариулт өгөөч?
-Би хувийн амьдралынхаа талаар дэлгээд байх дургүй. Гэхдээ ангийнхаа залуутай суусан гэдэг бол үлгэр. Тэр бол ор үндэсгүй мэдээлэл. Бид зүгээр л найзууд.
-Америкт та хоёрын хамтдаа нэлээн дотно авахуулсан зураг сошиалаар яваад байсан шүү дээ?
-Би Америкт амьдарч байсан хүний хувьд найзтайгаа уулзаад сайхан аялж болно шүү дээ. Ангийн хүүхдийн хувьд, найзуудын хувьд. Түүнээс биш гадуур яригдаад байгаа шиг ангийнхаа охины нөхрийг булааж авч суугаад хүүхдийг нь гаргаад хаягдчихсан гэдэг бол ор үндэслэлгүй мэдээлэл. Сошиалд гарч байгаа бүх мэдээлэл хэзээ ч үнэн байдаггүй. Ер нь бол 50 хувьтай байдаг гэж би хардаг. Нэг удаа бүр миний огтын өгөөгүй ярилцлагыг намайг ярьсан болгож зохиогоод бичсэн байсан. Аймаар секси ярилцлага гарсан байсан. Ганц надад ч ийм зүйл тохиолдоогүй. Манай Оюундарь эгч сонингоо барьчихсан надаас өөр Оюундарь гэж байдаг юм уу гээд явж байсан. Мөнгө олохын тулд, олны анхаарлыг татахын тулд, дагагчдаа нэмэгдүүлэхийн тулд, олон хүний уншилт, хандалт авахын тулд энэ мэтийн худлаа мэдээ мэдээлэл цацаж бусдыг хүссэнээрээ бичиж, гутаан доромжлох арга барил манайд бүр арай хэтэрхий газар авсан. Энэ янзаараа хэрээг тагтаа болгож, шулмыг гүнж болгох нь байна шүү. Ер нь бол нөгөө инфлюссер гэж амьтны тархи угаадаг арга барилын өөр нэг хувилбар бас нэг хар арга. Тиймээс энэ сошиалаар цацагдаж байгаа мэдээ мэдээлэлд баттай эх сурвалжгүй л бол битгий итгэж бай гэж хэлмээр байна.
-Тэгвэл ямар хүнтэй суугаа вэ. Чамайг сайхан бүсгүй гэдэг утгаар хүмүүс уг нь бусдын жишгээр хөрөнгөлөг эртэй суух байх гэж харж байсан?
-Хувийн амьдрал, нөхрийн талаар яримааргүй байна, нууц хэвээр үлдэг. Миний тухайд хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэх дургүй.
-Ер нь олны танил эмэгтэйчүүдийг хөрөнгөлөг, мөнгөлөг эрчүүд их эргүүлдэг гэх юм билээ. Чамд санал их ирдэг үү?
-Зөндөө л санал тавьдаг. Мэдээж уран бүтээлийн санал болгонд зөвшөөрөөд ороод байдаггүй гэдэгтэй адил санал тавьсан хүн болгонтой харьцаад, уулзаж учраад байдаггүй л дээ. Ер нь тэр тал дээр маш болгоомжтой ханддаг. Өөрийн дур хүсэл, ашиг сонирхлын төлөө хүний зүрх сэтгэлээр тоглоно гэдэг тийм амар, сайхан ч зүйл биш. Гайхуулаад байхаар ч юм биш. Хэрвээ чи тэр хүнд хайртай дуртай биш бол дэмий юм дэмий шүү дээ. Хүнд хоосон найдлага төрүүлээд яах юм. Аливаад буруу зүйл хийвэл хүн түүнийхээ үр шимийг амсдаг. Тэгэхээр буруу зүйл хийж, буруу үр дүн амсахгүйн тулд зөв хүн шиг хүн байх гэж хичээдэг.
-Хайр сэтгэл, эрчүүдийн тал дээр ямар цензур тавьдаг вэ. Ямар эр хүнийг үнэлдэг вэ?
-Би өөрөө их үнэнч хүн учраас мэдээж өөртэйгөө адил үнэнч, туушдаа хандлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, эр хүн шиг эр хүн таалагддаг. Урьд нь залуу байхдаа гоё өндөр нуруу туруутай сайхан залуу хардаг байсан /инээв/. Одоо бол тийм зүйлд ач холбогдол өгөхөө байсан. Амьдралын их далайгаас алхам тутамдаа суралцаж байна шүү дээ. Тиймээс хүн гэдэг амьтны хувьд амьдралд, аливаад хандах хандлага, бусдыг харах өнцөг илүү туршлагатай, өөр болж байна шүү дээ. Амьдралын их далай гэдэг чинь өөрөө хэзээ сурч дуусдаггүй, төгсөшгүй хамгийн том их сургууль.
-Сайхан эмэгтэйчүүдийг хүмүүс ер нь хөнгөн хийсвэр, аальгүй гэж хардаг л даа. Отгоог ч тэгж харж, дүгнэж байсан хүмүүсийн бодлыг энэ удаа бидний яриа өөрчилж чадсан байх?
-Хүн болгоны харах өнцөг өөр шүү дээ. Би бол жирийн л нэг сайхан ээжийн сайн охин, сайн ээж байх гэж хичээж байгаа эмэгтэй, бүсгүй хүн.
-Гоо сайхан, бие галбиртаа ихээхэн анхаардаг байх. Хөдөлмөрлөж байж л биеэ энэ зэргийн сайхан торддог байлгүй дээ?
-Сая карентины үеэр амьдралдаа анх удаа 70 кг хүртлээ таргалсан. Тэгээд өглөө бүр 6–7, заримдаа 8 цаг хүртэл дасгал хийгээд хоёр сарын хугацаанд 14 кг хаясан. Одоо буцаад формдоо орсон. Мэдээж ажил мэргэжлийн онцлог, дээр нь эмэгтэй хүний хувьд гадаад төрх, гоо сайхандаа анхааралгүй яах вэ. Өмнө нь дасгал сургуулилт гэж юу ч хийдэггүй, байгалиараа яваад болдог байсан бол одоо 18-т шиг байхаа больж, хүүхэдтэй ч боллоо, хүссэн хүсээгүй гоо сайхандаа анхаарч, дасгал сургуулилт хийх шаардлагатай болжээ гэдгийг ойлгосон.
-За сүүлийн асуултаа тавья. Бүсгүйчүүд гээд арга хэмжээ зохион байгуулахад оролцож, шоу менежер Дорждэрэмтэй хөтөлж байгаа юм билээ. Нэг удаагийн бус цуврал арга хэмжээ юм байна. Зорилго нь юу вэ?
-Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг бүсгүйчүүд бид мөн бүсгүйчүүддээ хайртай. Тийм учраас урт хугацаанд гэртээ хорио цээрт хоригдсон эмэгтэйчүүдтэйгээ нэгэн үдшийг хамт өнгөрүүлж, зүгээр нэг идэж уугаад өнгөрөх биш бие биедээ хэрэгтэй мэдээ мэдээлэл өгч, амжилт ололтоос нь хуваалцаж, амжилттай яваа бүсгүйчүүдээ хооронд нь танилцуулах, урам зориг өгөх, туршлага хуваалцах гэх мэт дуутай, хууртай, баяр хөөртэй нэгэн үдшийг бэлэглэхийг хүссэн юм. Энэ 11 сард дөрвөн удаагийн эвент болно. Мэдээж эвент бүр өөр өөрийн онцлог, өнгө төрх, дуу хоолойтой байх бөгөөд долоо хоног бүрийн гурав дахь өдөр энэхүү арга хэмжээ болох гэж байна. Монгол бүсгүйчүүд үндэсний олонхи болжээ. Зарим хүүхнүүд эрчүүдээсээ ч хүчирхэг болсон байна. Бидний нуруун дээр маш их ачаа байдаг. Эхний эвент дээр л гэхэд гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбат ирж, бидний амьдралд хандах хандлага, гэр бүл, үр хүүхдийн харилцаа, эцэг эхийн үүрэг, үл ойлголцол, хүний хөгжлийн талаар нээлттэй ярилцлага хийсэн нь бүсгүйчүүдэд маань маш их таалагдсан. Карентины үеэр бид гэртээ удаан байгаад залхлаа. Алийн болгон энэ чигээрээ амьдрах вэ. Найз нөхөдтэйгээ уулзаад сайхан хоол идэж, дарс шимингээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, тархиа цэнэглээд танин мэдэхүйн мэдээлэл аваад, илүү олон найз нөхөдтэй болоод л сайхан боломж шүү дээ. Мөн хийлч Дээгий ирж, уран тансаг хийл хөгжмийн эгшигээ барисан нь үнэхээр тансаг байсан. Ирсэн бүсгүй бүр гарын бэлэг, урамшуулалтай байлаа. Нэг ёсондоо бүсгүйчүүдийнхээ сэтгэл санаанд дэмжлэг өгч, цагийг үр бүтээлтэй, өгөөжтэй өнгөрөөхөд энэхүү эвентийн зорилго оршиж байгаа юм. 100-хан мянган төгрөгийн такстай. Үүндээ гоё лекц, ярилцлага, хоол, вайна, гарын бэлэг гээд бүгд багтана. Ямар ч ашгийн бүс маш гоё арга хэмжээ болж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.