Монголын ард түмэн ,бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа надаас сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм.
Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна.
Би барилдах хугацаандаа улсын наадамд болон ,заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ. Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу явсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ.
Мөн олон зүйл нурших илүүц биз ,тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.
Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай.
Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч