Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргажээ.
Сурагчдын амралтын хуваарь:
- 1-3 дугаар ангийн сурагчид 2021.05.07-ны өдөр хичээллээд амарна.
- 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний Баасан гарагт хичээллээд амарна.
- 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
- 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана.
Эрт амарч байгаа учир намар 8 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна.
Багш нарын амралтыг 6 дугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана.
Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247,040 хүүхэд, ЕБС-д 680,837 хүүхэд суралцаж байна.
Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.
Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно хэмээн БШУЯ-наас мэдээллээ.