Авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн машинаа унах нь багасаж, авто зогсоолд удаан хугацаагаар тавих нь буурна гэж тооцжээ
Нийслэлийн удирдлага болох Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалан нар иргэдийг илтэд ядуу, хоосноор нь ялгаварлан гадуурхсан, бүр дээрэлхэж доромжилсон, эдийн засгийн дарамтад оруулсан шийдвэр гаргахад нэгэнт бэлэн болжээ. Тодруулбал хотын түгжрэлийг бууруулах зорилгоор зогсоолын төлбөр нэг цагийн 1000-2000 байгааг 2000-3000 болгож, автомашин ачлагын төлбөр 60 000 байгааг 100 000 болгохоор төлөвлөсөн байна.
Нийслэл дэх авто машины зогсоолыг 3 байршилд хувааж, бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасаж, авто зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж тооцоолсон юм байх. Нэг ёсондоо мөнгөтэй нь машинаа уна, мөнгөгүй нь алх гэсэн зарчмыг бий болгож, нийслэл хотын иргэдийг эдийн засгийн дарамт, доромжлолоор гутаахаар зэхжээ. Өөрсдөө бол хэзээ ч алхахгүй нь тодорхой. Дээр үед “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү бензиний үнэ тэнгэрт хадаасай, тэгвэл хотын гудамжаар салхи татуулан давхих юмсан хэмээн ярьсан нь ард түмний дургүйцлийг хүргэж байсан бол үүнээс ялгаагүй “цэвэрхэн” доромжлолыг хотын даргын баг шинэчлэн зохион байгуулжээ.
Улмаар хотын дарга Д.Сумъяабазар төвийн дүүрэгт түгжрэлийг бууруулах санааныхаа үндэслэлийг бичжээ. Мөн л иргэдийг авто зогсоолд удаан хугацаагаар машинаа тавибал өндөр торгууль ногдуулдаг болохоор төлөвлөсөн байна. Өдгөө машинаа ачуулсан иргэдийг 60 мянган төгрөг хангалттай цухалдуулж байхад бүр 100 мянга болговол хоолтой, хоолгүй хонох дээрээ тулж байгаа монголчууд дуус дуус л юм байна. Нөгөөтэйгүүр хүүхдийн паркын газрыг ухаж төнхөж 1000 автомашины зогсоол барина гэж чичрээд байгаа Д.Сумъяабазар өөрийнхөө далд бизнесийг цэцэглүүлэх гээд байна уу гэсэн хардлага бий болж байна. Паркад 1000 машины зогсоол барих, хотын төвийн авто зогсоолын төлбөрийг хоёр дахин нэмнэ гэдэг санаанууд яагаад нэг цаг үед нэгэн зэрэг хэрэгжиж эхэлнэ вэ. Шунал нь ихдээд ядуу ард түмнээ илтэд доромжлоод суух булчингаас ангижрах арга байна уу, нийслэлчүүд ээ?