Спорт олимпизмийг олон жил тууштай дэмжигч М-Си-Эс Кока-Кола компани нь Олон улсын олимпийн хороо байгуулагдсаны түүхт 127 жилийн ойн босгон дээр МҮОХ-ны Олимпийн музейн шинэчлэлтийг санаачлан санхүүжүүлж, спортын хөгжил, баг тамирчдын амжилт, хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүллийг түүх болгон хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Олимпийн музей нь дэлхий дахинаа жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Олимпийн өдөр”-өөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр дахин хөшгөө нээлээ.
Олимпийн музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.
Монголын Спорт-Олимпизмийн их гэр бүлийн гишүүд, хүүхэд багачууд, оюутан залуус та бүхнийг Олимпийн хөдөлгөөний түүхэн замналтай танилцан, Олимпийн музейд зочлохыг урьж байна.