Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, борлуулалт үзүүлдэг “Ремакс” компанид ашиглуулж, орон байраа алдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд асуудлыг нь шийдэж өгөх хүртэл өлсгөлөн зарлах бөгөөд “No Remax” хөдөлгөөнийг эхлүүлэхээр болжээ.
Иргэдийн төлөөлөл ярихдаа “Бидний 15 иргэн Ремакс олон улсын хөрөнгө зуучаар зуучлуулаад хохирсон. Ремакс гэдэг газарт намар бид есөн сараас хойш хаалгыг нь сахиж байна. Байнга л бичиг өгдөг, захиралтай нь уулзъя, шаардлагаа өгмөөр байна гэдэг. Зургаан брокер оффис нийтдээ 15 айлыг хохироолоо. Зургаан брокер оффисынх нь талаар мэдэгдэх гээд есөн сараас эхлээд ирээд уулзаж чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос хянуулсан.
Тэгэхэд энэ зургаан брокер оффис үйл ажиллагаа нь зөрчилтэй гээд батлаад гаргаад ирсэн. Энэ хүмүүс бүгд орох оронгүй түрээсээр амьдарч байгаа. Хамгийн бага нь нэг жил тэгээд гурван жил орох оронгүй явлаа. Ингээд явж байгаа болохоор аргаа бараад бүх бичиг баримтаа аваад энд шаардлага хүргүүлэх гээд хүрээд ирчихсэн байна. Өглөөнөөс эхлээд энэ компанийн захирал, удирдлага хариуцах ёстой хүмүүстэй уулзах гэж үзлээ.
Ямар ч хүн гарч ирэхгүй, хаалга үүдээ цоожлоод оруулахгүй гадаа байж байна. Энэ хүмүүсээр битгий үйлчлүүл, үйлчлүүлэх юм бол таны эд хөрөнгө чинь байхгүй болно. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос гадна гэр бүл чинь сална. Энд бүхэл бүтэн хүн нас барчихсан байгаа шүү. Ийм хэцүү нөхцөл байдалд ороод байна” гэлээ.