МАХН, МАН хоёр нэгдэж буйгаа өчигдөр зарласан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлсэн.
Тэгвэл МАХН-аас УИХ-д сонгогдсон цор ганц гишүүн болох С.Ганбаатар үүнийг эсэргүүцэж, МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.
Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.
УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллана” гэв.