Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.
“Талийгаач гуравдугаар сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан” гэсэн мэдээллийг ТТАХНЭ-ийн эх сурвалж хэллээ.
Хэргийн талаар эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгсан билээ.
“Дэслэгч Г-тэй холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд тухайн анги байгууллагын удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Хуурай замын цэргийн командлалын удирдлага, ЗХЖШ-аас ч хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр хэлж байв.