“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдогчоор дуудсан тухай тэд өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Metoomongolia хөдөлгөөн” болон нийгмийн бусад сүлжээгээр удаа дараа гарч байгаа “Бэлгийн дарамт учруулах” зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоолгох тухай албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь хянаад хууль, тогтоомжийн дагуу харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн.
Прокуророос холбогдох материалыг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад хүргүүлэхдээ хэн нэгэн хүнийг болон сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдуулан шалга гэсэн үүрэг чиглэл өсгөн асуудал байхгүй.
Мөн дээрх нэр бүхий сэтгүүлч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг бол ташаа мэдээлэл байна. Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг яагаад өнөөдөр цагдаагийн байгууллагаас холбогдогчоор дуудсан тухайд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг шалгаж, шийдвэрлэдэг учраас энэ талаар тухайн байгууллагаас тодруулах нь зүйтэй” гэв.