АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг тэрбумтан, бизнесмен гэдгийг дэлхий даяар мэднэ. Тэрбумтан Ерөнхийлөгчийн хамгийн дуртай нэвтрүүлэг нь Америкийн алдарт Fox телевизийн “Fox and Friends” нэртэй, өглөө бүр 06.00 цагт гардаг нэвтрүүлэг юм байна. Тэгвэл саяхан тэрээр тус нэвтрүүлгийн зочноор уригджээ.
Тухайн өдөр Ерөнхийлөгч тус нэвтрүүлгийн урилгыг тунчиг уриалгаханаар, таатай хүлээж авсан гол шалтгаан нь түүний гэргий, АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын төрсөн өдөр тохиож байсантай холбоотой аж. Гэтэл гурван хөтлөгчийг ангайлгаж орхих нь тэр.
“Өнөөдөр Меланиагийн төрсөн өдөр учраас миний хувьд тун ч онцгой өдөр тохиож байна. Меланиа, чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд л ихэд сүрхий байж. Нэвтрүүлгийн хөтлөгч Ерөнхийлөгчөөс: “Тэргүүн хатагтайн төрсөн өдрөөр бидний Ерөнхийлөгч юу бэлэглэх бол?” гэж асуухад: “Үүнийг хэлбэл би өөрөө л эвгүй байдалд орох байх даа” гэж байснаа хэсэг бодон суугаад “Би нэг их зүйл бэлдээгүй л дээ. Маш гоё ил захидал авсан. Намайг хэн нэгэнд бэлэг хайгаад явах зав байхгүй гэдгийг та нар бүгд мэдэж байгаа. Тийм биз дээ? Гэхдээ би бас баглаа цэцэг авсан юм байна шүү” гэж хэлээд хөтлөгчдийг ангайлгажээ. Үүнээс харахад дэлхийн хамгийн баян Ерөнхийлөгч ихэд нарийн байгаа биз. Уг нь Ерөнхийлөгч Доналд Трамп Францад хийсэн айлчлалын үеэр эхнэрийнхээ биеэ гайхалтай сайхнаар авч явсанд сэтгэл хангалуун байгаагаа л гайхаад байсан даа. Хөөрхий Меланиа, хүний л эхнэр юм даа.