Их хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн эх хэлээ хайрлан хамгаалахгүй бол монгол хэл маань эвдэрч байна гэсэн товч сануулга бичсэнийг уншаад, өөрийн эрхгүй өвгөн багш үзэг цаас нийлүүлж, үүнийг бичихэд хүрлээ. Их Монгол улс, эзэн Чингисийн гал голомтыг сахиж, хадгалж хамгаалж яваа туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын иргэн бүр “Би Монгол хүн” хэмээн ам бардам өгүүлэхийн язгуур үндэс нь монгол хэл, сэтгэлгээ, үндэсний бичиг юм. Энэ нь дэлхий олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад мөн хамаатай зүйл билээ. Монгол хэл маань өвөг монгол хэл , эртний монгол хэл, дундад үеийн монгол хэл, орчин цагийн монгол хэл хэмээсэн 4 үе шатыг туулан хөгжиж ирсэн түүхтэй. Монгол хэл бол эртний хэл, элбэг баян үгийн сантай, ардын аман зохиол болон бичиг номын асар арвин өв сантай, мянга гаруй жилийн тэртээгээс уламжилсан үндэсний бичиг үсэгтэй, сайтар боловсруулсан сонгодог бичгийн найруулгын хэм хэмжээтэй монголчууд бидний соёлын эрхэм нандин өв юм. Монгол хэл бол монголын язгуур соёл оршин байх уг үндэс, монгол сэтгэлгээг амилуулах зүрх судас нь юм даа. Хүн төрөлхтөний хэл гэж юу вэ? гэдэгт тун олон тодорхойлолт бий. “Хэл бол сэтгэхүйн зэвсэг мөн” гэсэн гол нэгэн тодорхойлолт ёсоор монгол хэл бол монгол хүний сэтгэн бодох, ургуулан ухаарах зэвсэг багаж нь юм.
Өөрийн үндэсний хэлээ сэтгэхүйн зэвсэг хэмээн эх хэлээ хайрлан хамгаалдаг нэгэн жишээг ярья. Ардын багш, профессор Ц.Өнөрбаян цөөнгүй жил Унгар улсад зочилж профессороор ажилласан хүн. Ц.Өнөрбаян багш хуучлахдаа, Унгар улсын бүх шатны сургуульд ороход, юуны өмнө хүний нүд тусах газар “Эх хэл бол сэтгэхүйн эх” гэсэн бичээс хадаатай байдаг. Унгар улс ингэж өөрийн хэлээ маш сайн хамгаалдаг. Тэнд би эрдмийн зэрэг хамгаалахдаа унгар хэлээр бичиж, унгар хэлээр ном хаялцсан шүү” гэж ярьсныг онцлон хэлье. Манай сургуулиудад ийм бичээс хадвал бас л бөөн шуугиан болгох болов уу. Хоёр талын хөрш том гүрэн өөрийн хэл, бичгээ хэрхэн хамгаалдгийг харж, үзэж баймаар юм. Гэтэл тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар яваад элдэв хаяг, зар сурталчилгааг уншигч та бүхэн тогтоож хараарай. Гадны жуулчид ирээд гайхдаг байх даа. Мөн зурагт радиогоо асаагаад үзээрэй. Нэрнээсээ эхлээд харийн үсэг, үг. Зурагтын нэр ус, нэвтрүүлгийн нэрийг гадаад үсэг, үгээр бичлээ гээд Англи хэл сурчихгүй шүү дээ. Монголоо гэсэн сэтгэл дутаад байна уу, монгол хэлээ мохоо мэддэгийн гайгаар сайтар онолдуулсан эх хэлнийхээ үг мэддэггүй, ольё гэж чармайдаггүйн балгаар л ингэж бичдэг юм болов уу даа. Гудамж талбай, барилга байшинд хадсан зүйлсийг харахад үг үсэг нь монгол боловч, хэл найруулга нь биш л байх юм. Ийм жишээ хоёрыг хэлье. Сүүлийн үед барилга байшин ч их барих болж, “Энд барилгын ажил явагдаж байна. Болгоомжил” гэсэн анхааруулах бичээс энд тэндгүй л тохиолдоно. Уул нь “Энд барилга барьж байна. Болгоомжил! ” гэж бичих учиртай. Барилга гэдэг үгийг гэр гэдэг үгээр солиод хэл дээ. “Энд гэрийн явагдаж байна” гэвэл их л инээдтэй сонсогдох байх даа. Харь хэлний хэлзүйн онцлогийг тэр чигээр нь хуулбарласны уршиг л юм даа. Бас нэг нүдний үзүүрт торсон жишээ бол Гандангийн дэнжийн баруун захад “Их морьтон” нэртэй зоогийн газар байх юм. Юу хэлснийг би л ухсангүй. Бодвол ” Үй олон морьтон”, “Үй түмэн морьтон” гэсэн санаа болов уу. Морьтон гэдэг нь “морь унасан хүмүүс” гэсэн үг. Арай том биетэй морь унасан хүмүүс гэж бичээгүй байлгүй. Энэ чинь л эх хэлний сэтгэлгээ, зүй тогтол алдарч байгаагийн нэг жишээ.
Хүүхэд багачуудаас эхлээд, төрийн түшээд хүртэл эх хэлнийхээ боловсролд анхаарах цаг болжээ. Хамгийн гол эзэмших зүйл бол эх хэлнийхээ баялаг үгийн сан, тухайн үгийн гол болон салаа утга, найруулгын өнгө аяс түүнтэй холбогдсон монгол сэтгэлгээний онцлогийг сайтар эзэмших хэрэгтэй. Энд төрийн түшээд гэж цохон өгүүлсэн. Учир нь их хурлаар батлагдаж байгаа хуульд эх хэлний хэлзүйн зүй тогтол, үгийн утгыг эс хайхрсан зүйл тохиолдох боллоо. Аль ч үндэстэний хэлний зүй тогтол нь ямар ч нийгмийн байгууллаас үл хамааран өөрийн жамаараа оршдог зүйл. “Эс үйлдэл” гэсэн үгийг энд жишээ болгоё. Монгол хэлэнд “үл, эс, бүү, битгий” хэмээсэн үгүйсгэсэн утгатай сул үг байдаг бөгөөд зөвхөн үйл үгийн өмнө л хэрэглэгддэг зүй тогтолтой. Гэтэл “үйлдэл” гэсэн нэр үгийн өмнө хэрэглэх ямар ч боломжгүй. Харин “үйлдэх, эс үйлдэх” гэвэл эх хэлний зүй тогтолд нийцнэ.
Хууль тогтоогч төрийн түшээд маань Монгол хэлний тайлбар толь эргүүлж, үгийн утгыг нягталж байгууштай. Нэлээд хэдэн жилийн өмнө гудамжинд босгосон “ Авлигыг үл тэвчье” гэсэн уриалгын алдааг телевизээр шүүмжилсэн. Гэтэл маргааш нь авлигатай тэмцэх газраас хүн ирж, авлигын тухай хууль үзүүлэв. Уг хуульд “…авлигыг үл тэвчих ёс, суртахууны хүмүүжил олгох… “ гэсэн зүйл байв. Учрыг нь хэлж, засах учиртайг хэлсэн. Зассан эсэхийг мэдэхгүй. Монгол хэлний “тэвчих” гэдэг үг нь хүлцэж тэсвэрлэх, биеэ барих, хүслээ хорих, үйлдэхгүй байх гэсэн утгатай. Жишээ нь амьтны амь тэвчих, гэм нүглээ тэвчих, архи тамхийг тэвчих гэх мэт. Тэвчих хэмээсэн үгийн өмнө үл гэсэн үгүйсгэсэн сул үг хэрэглэвэл, тэвчихгүй байх, тухайн зүйлсийг үйлдэх гэсэн утгатай болно.
Үг олдож, үхэр холдлоо. Сүүлийн үед газар аваад байгаа нэгэн алдаа бол заахын тийн ялгалын “-г” нөхцөлийг бараг “-н” гийгүүлэгчээр төгссөн үг болгонд залгах боллоо. Академич Ц.Дамдинсүрэн гуайн “Шинэ үсгийн дүрмийн толь”-д тодорхой заасан ёсоор хэлний гүн угийн “-н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд заахын тийн ялгалын “-г” нөхцөл залгах учиртай. Монгол бичгээ мэддэг хүнд бол бүр тодорхой_ их инхлэгээр төгссөн үгэнд л уг нөхцөлийг залгана. Яаж залгах ёстойг толь бичиг харалгүйгээр та өөрөө “-н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд -аар (-өөр, -ээр, -оор), -аас (-оос, -ээс, -өөс) гэх мэт урт эгшгээр эхэлсэн нөхцөлийг залгаж хэлэхэд -г гийгүүлэгч жийрэглэн хэлэгдэж байвал заахын тийн ялгалын “-г” нөхцөл залгана. Жишээ ан- ангаас, хадлан- хадлангаар, шан-шангаар, хүрээлэн-хүрээлэнгээс, зан-зангаар, баясгалан- баясгалангаар гэх мэт.
Харин үнэн, сонин, өвчтөн, шалтгаан, он, мэргэжилтэн, ноён, хатан гэх мэт үгэнд өмнө өгүүлсэн урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад “-г” гийгүүлэгч жийрэглэн хэлэгдэхгүй тул үнэнийг, сониныг, өвчтөнийг, шалгааныг, оныг, мэргэжилтнийг, ноёныг, хатныг гэж заахын тийн ялгалын -ыг (-ийг) нөхцөл залгана.
Төгсгөлд өгүүлэхэд энэтхэг, европ язгуурын хэл бол нэр үг голлодог, монгол хэлэнд бол үйл үг эрхэм нь байдаг. Тэрхүү нэр үг голлодог хэлний зүйлийг үгчлэн хуулбарлаж буулгах байдал газар авч, бүр хэвших шинжтэй боллоо. Энэ тухайд профессор Ц.Шагдарсүрэн багшийн “Эх хэлээ эвдэхгүй юмсан” номыг нямбай уншихыг зөвлөе.
Судар шастирын яруу тансаг монгол үг хэллэг мартагдан балрахад харамсан үгүйлэхүй атлаа бичгийн хэлний үг найруулгаар бичсэн зүйлийг ойлгогдохгүй байна, хялбар болго гэдэг албаны хүмүүс ч байх юм билээ. Ойлгохыг хичээх нь монгол хүний зөв сэтгэлгээ байлтай. Газрын хөрсөнд булагдсан эртний олдворын зүйл олоход их л шуугиан болдог. Энэ нь ч зөв л дөө. Яг тэр эртний олдвор шиг судар шастирын утга гүн, үг яруу монгол үг хэллэг мартагдан балрахад харамсах хүн ховор л болоод байна.
Үг хэл нь монгол боловч, хэлбэр хийц нь харийн хэлийг хуулбарласан утга уялдаа муутай бичвэр олширч, бас ямар ч хяналт хязгааргүй англи зэрэг хэлний үг хольж хутган ярих, бичих болж түүндээ чамирхах ч янз төрхтэй болж байгаа цагт эх хэлнийхээ төлөө дуугарсан, сануулсан, сэрэмжлүүлсэн Г.Мөнхцэцэг шиг төрийн түшээд олширвол мөн ч хэрэгтэй байна даа.
Эрхэм их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг та эх хэл, монгол сэтгэлгээ, үндэсний бичгийнхээ төлөө их зүйлийг хийгээрэй.
Энэхүү эрээвэр хураавар санаа бодлынхоо хойно, хэдэн жилийн өмнө бичсэн “Хэлний экологи” гэдэг өгүүллээ хавсаргалаа. Уншиж болгоогтун.