Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим,
“Манлайлагч-50” хөтөлбөрийн залуус хамтран 2024 оны төсвийн нээлттэй
хэлэлцүүлгийг 12-р сарын 1-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл болон Хүүхдийн өөрөө удирдах
байгууллагын төлөөлөл сурагчид оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Мөн
аймгийн Засаг даргын Тамгын газрын фейсбүүк хуудсаар шууд дамжуулалт хийж
олон нийтэд хүргэв.
Тус хэлэлцүүлэгт оролцсон болон шууд дамжуулалт үзэж буй иргэдээс ирсэн санал
хүсэлтийг шийдвэрлэх боломжтой эсэхэд Засаг дарга хариулт өгч, Хүүхдийн төлөө
сан байгуулах 100.0 сая төгрөг, Ид шидийн орон Дундговь хүүхдийн хөгжил
хамгааллын төслийн зардал 365.0 сая төгрөг, шинээр баригдаж буй Хүмүүнлэг,
Говийн ирээдүй сургуулийн мэдээллийн технологийн кабинетыг орчин үеийн
дэвшилтэт технологиор тохижуулах 110.0 сая төгрөг, аймгийн Хүүхдийн нэгдсэн
чуулганыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн зохион байгуулах зэрэг
асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн ахмадын сувилалтай болох хүсэлтийг хүлээн авч, зураг төслийг шинээр
хийж ирэх жилүүдэд төсвийг суулган эхлүүлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ
барилга ашиглалтад орсонтой холбогдуулан 711.0 сая төгрөгийн урсгал зардал
шийдвэрлэх талаар танилцуулсан юм.