УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй асуудалд холбогдон, өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгагдаж байгаа.
Тэгвэл хохирогч Б-ын ээж Д.Цэцгээ өөрийн цахим хуудаст “УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээжээ.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн нь үнэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа” гэсэн юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ж.Мөнхбатын гэргий Б цагдаагийн байгууллагад “Гомдолгүй” хэмээсэн ч, гэр бүл нь өргөдөл гаргаж, хэргийг шалгуулах хүсэлт гаргасан байна.