СТА Дуучин Батсайханы Буянжаргал гэхлээр яах аргаүй “Санахгүй л гэсэн юм аа” дуу нь аманд аялагдаж байгаа биз. Уран бүтээлээрээ олондоо танигдаж, бүр түүгээрээ овоглогдож явах шиг сайхан зүйл уран бүтээлч хүнд байдаггүй биз. Тэгвэл олон сайхан хит дууны эзэн, нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайгаа тодоос тод тамгалж яваа Б.Буянжаргалыг энэ удаагийн “Миний гэр” буланд урилаа. Монголын мянга, мянган залуу гэр бүлүүдийн адил энгийнээс энгийн аж төрж буй “Буянжаргалынх” гэдэг айл хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр дүүрэн аж.
Б.Буянжаргал гэж хэн бэ?
Зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт зорьж яваа хүмүүс төөрөхгүй гэдэг шиг Батсайханы Буянжаргал гэх энэ нүдээрээ инээмсэглэсэн залуу Төв аймгийн унаган хүү. Бага байхын л урлаг, уран сайханд үеийнхнийгээ түүчээлэн оролцож, бүр аймагтаа зохион байгууллагддаг “Яргуй” Хүүхдийн урлагийн наадамд удаа дараалан тэргүүлж, хэдэн жил л дархлагдсан мэт медалиудыг нь түүж явсан удаатай. Тиймээс л СУИС-ийн Монголын анхны мэргэжлийн хөөмийчийн ангийг төгссөн тэрбээр багынхаа хүсэл мөрөөдлийг даган дуучин болсноо дурсан ярьдаг. Оюутан байхаасаа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж “Зөөлөн бороо”, “Санахгүй л гэсэн юм аа” гэсэн дуугаараа олонд танигдсан. Түүнээс хойш өдгөө 10-н жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Саяана”,”Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ”, “Миний л үзэсгэлэн гоо”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Гоо бүсгүй”, “Миний монголын намар” зэрэг олон хит дууны эзэн болоод амжсан тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сарын 16 нд “Буянжаргал-2018” гурав дахь бие даасан тоглолтоороо үзэгчиддтэйгээ учран золгосон билээ.
Анхны бүхэн сайхан
Б.Буянжаргал 2010 онд анхны цомгоо гаргаж, жилийн дараа “Санахгүй л гэсэн юм аа” тоглолтоо Бөхийн өргөөнд пиг дүүрэн үзэгчидтэй хийж байсан нь өдгөө түүх болон үлджээ. Хүүгийнхээ анхны бие даасан тоглолтыг үзэж сонирхохоор Сүмбэр сумаас төрүүлж өсгөсөн ижий, аав, дуучин болгох гарааг нь тавьж өгсөн багш нараас нь эхлүүлээд нутгийн хөгшид,ахан дүүс, ангийн найзууд нь, албан байгууллагуудын ажилчид гээд Бөхийн өргөө тэр өдөр Сүмбэрчүүдээр “амьсгалсан” гэдгийг Б.Буянаагийн найзууд дурсан санадаг гэсэн шүү. Түүнээс хоёр жилийн дараа “Хайраа дуу болгон өргөе” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзсан. 2013-оноос хойш аялан тоглолт, шинэ уран бүтээлүүдээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж байсан Б.Буянаа таван жилийн дараа “Буянжаргал-2018 “тоглолтоороо эргэн ирсэн юм.
Хүүхэд нас, хүлгийн төвөргөөн хоёр аргамжаатай
Дурсамжгүй бага нас гэж үгүй харин бага насгүй дурсамж л гэж байдаг байх гэдэг шиг Б.Буянжаргалын хүүхэд нас хөдөө, жинхэнэ малчны хотонд өнгөрсөн. С.Буянжаргалын аав нь С.Батсайхан гэж нутаг усандаа нэртэй хүндтэй, мянгат малчин бол ээж Долгормаа нь орсон гарсан хүн бүхэнд мэндтэй устай, цай сайтай эмэгтэй бий. Зан сайтай айлд хүн болгон цугладаг гэдэг шиг тэднийх яг л тийм айл. Б.Буянаа хүүхэд насны минь жаргалтай дурсамжууд тэр чигээрээ л Сүмбэр нутагтай холбоотой болохоор сэтгэлээс уяатай явдаг юм аа гэж тэрбээр ярих дуртай юм билээ. Бага байхдаа таван жил хурдны морь унаж сумынхаа наадамд тоосоо өргөж байсан тэрбээр “Би одоо ч сумынхаа наадмыг очиж үзэх дуртай. Улсын наадмын хурдан морины уралдааныг телевизороор үзчихдэг хэрнээ сумынхаа наадмыг очиж л үзэхгүй бол амтгүй санагдаад байдаг юм. Тийм ч болохоор наадмын өглөө үүрээр хотоос гарч азарганы урьтан очдог болоод удаж байна” гэсэн юм. Сониноос дуучин залуу маань сумынхаа наадмаар хэд хэдэн морь айрагдлуулсан гэнэ лээ.
Аав: С.Батсайхан
“
Миний л үзэсгэлэн гоо”
Манайхан учрах ёстой хүмүүс учирдаг аа гэж ярих дуртай. Б.Буянаа “Санахгүй л гэсэн юм аа” дуугаа дуулж байхдаа хайртайгаа учирчихсан явсан гэсэн шүү. Түүний хайртай гэргий, хөөрхөн хоёр охины ээжийг Ц.Оюунболор гэдэг. Олон Улсын Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн тэрбээр хайртай ханийнхаа хамгийн дотны зөвлөгч бас хамгийн анхны сонсогч нь. Үеэлээрээ дамжуулан гэргийтэйгээ танилцсан тухайгаа хуучилсан Б.Буянжаргал “Бидний хамтын амьдрал гурван жил хоёр биенээсээ хол байх шалгуурыг даван байж гэр бүл бололцсон хоёр шүү дээ гэж инээвхийлэн ярьсан шүү. Учир нь танилцаад удаагүй байхдаа Ц.Оюунболор Сингапур руу суралцахаар явсан бөгөөд гурван жилийн хүлээлтийг давсан тэдний хайр өдгөө Б.Энгүүн, Б.Энхжин гэх охидоор үргэлжлэн хайрынх нь галыг өрдсөөр байна. Гэргий Оюунболор нь түүний “Миний л үзэсгэлэн гоо”, “Зүүн голын Гүнжмаа” зэрэг дуунуудад дуртай гэсэн.
Том охин Б.Энгүүн нь энэ жил дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурагч болсон бол бага охин Б.Энхжин нь сэргэлэн, дуу шуутай, энд тэнд шулганан, цэцэрлэгтээ сурсан зүйлсээрээ орой бүр ээж, аав, эгчдээ тайлагнан бяцхан концерт үзүүлэх нь энүүхэнд. Өглөө тус тусынхаа албанд дуу шуу, инээд наргиантайхан гарч одоцгоодог Буянжаргалынх гэдэг айл монголын мянга, мянган залуусын нэгэн адил энгийнээс энгийн аж төрөхийг эрхэмлэдэг.
Сайн ханьтай болно гэдэг зөв явсны чинь шагнал. Үнэнч хайртай учирна гэдэг сэтгэл ариун явсны чинь шагнал гэдэг шиг хоёр биенийхээ хайр халамж, энхрий үрсийнхээ инээд хөөрөнд жаргалтай яваа хос хоёр өдгөө 13 дахь өвөлтэйгээ золгож буй.
“Санахгүй л гэсэн юм аа” уран бүтээлээс “Миний монголын намар” хүртэл
Дуунд дуртай монгол түмнийхээ алга ташилдан дунд өлгийдүүлэн төдийгөөс өдий хүртэл олон сайхан уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаасан Б.Буянжаргал гэрийн сайн эзэн, аав ээжийн сайн хүү, хөөрхөн үрсийнхаа хайртай аав гэдэг нь цөөн хором хөөрөлдөхөд л анзаарагдаж байсныг нуух юун.
Айлын ууган хүү болоод ч тэр үү аливаад буурь суурьтай, ноён нуруутай, хүмүүжилтэй, аядуу зөөлөн арга ухаанаар шийдвэрлэхийг зорьдог гэдгээ аминчласан тэрбээр хамгийн сүүлд “Миний монголын намар” уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийг цэнгүүлээд авна лээ. Аялуулаг дууны ханхүү гэж хэлж болохоор ард түмэндээ хайрлагдсан дуучин маань өөрийн хүч хөдөлмөр, авьяас билэг, хувь тавилангаараа холбогдсон энэ амьдралынхаа эзэн нь болж яваагаас гадна олон сайхан бүтээлүүдээрээ сонсогч түмнийхээ сэтгэлийг мялааж явах нь дамжиггүй биз ээ.
Бэлтгэсэн: Э.Наташа
1 Сэтгэгдэл
Аз жаргал хүсье.сайхан гэр бүлд