Онцлох мэдээ СЕНСАЦИ ЯРИЛЦЛАГА

ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ХАМГИЙН ХҮЧТЭЙ

Далд ертөнцийн талаар олон нийт янз бүрийн бодолтой байдаг. Сүнс, өвгөдийн ертөнц, долоон хүрд, долоон сүнс гээд л учир нь үл мэдэх тэр ертөнцийг хүмүүс бид ихэд сонирхдог. Элдэв зан үйл, шашин шүтлэгийг ч бид үл мэдэх атлаа үл ойшоож чадахгүй, гайхан биширдэг. Тэгвэл сүүлийн үед нийтийн анхаарлыг татаад буй Ховсын увидасын талаар “Тэнгэр бэхи Өргөө” нийтэд үйлчлэх ТББ-ын гишүүн, Дэмч С.Баясгалангаас багахан ч болов тодруулан ярилцахаар зочноор урьсан юм.

Санкт Петербургийн Зам тээвэр, Харилцааны их сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Яков Брюсийн нэрэмжит Олон улсын “Ховсын төв”-ийг алдарт ховсч Тимур Андар, Аркадий Орлов нарын удирдлаган дор төгсөж, өдгөө Ховсын хөтөч, Дэмч хийж байгаа билээ. Бидний дээр, дээд тэнгэрт юу болж байгаа, ховсын үйл гэж юу юм, түүгээр юу хийх боломжтой гээд л олон сонирхолтой асуудлын эргэн тойронд ярилцсанаа хүргэе.

-Та бидний яриаг сонирхох хүн маш олон бий. Гэхдээ бас ойлгохгүй нэгэн ч бий. Юутай ч таны цолноос яриагаа эхэлье. Дэмч гэж ямар утгатай цол юм бэ?
-Дэмч гэж миний тэнгэрээс олгогдсон цол. Бусдыг соён гэгээрүүлж, танин мэдэхүй, гэгээрэлд хөтөлж яваа хүмүүсийг Дэмч гэдэг. Энэ цагийн яриагаар бол багш гэсэн утгатай.
-Ховсын талаар бидэнд ерөнхий ойлголт өгөөч. Та бүхэн ховсын үйл хийж, ховсоор эмчилгээ хүртэл хийж байна гэх юм. Ховс хийх, ховсдох гэдэг нь та бүхний хувьд ямар үйл юм бэ?
-Ховс гэдэг нь хүний сүнсэн биеийг сүнсний ертөнцтэй холбож байгаа нэг хэлбэр. Хүн болгон сүнстэй, сүнс бүхэн сүнсний ертөнцтэй угаасаа л холбоотой амьдарч ирсэн. Хүрд гацсаны улмаас сүнс нь махан биедээ муу сууж, дутуу холбогдсон байдаг. Тэгэхээр бид тэрийг нь засч, өвөг дээдсийнх нь амьдарч буй оршихуй, эсвэл сүнснүүдийн оршихуй, дэлхийн эрчмийн орон зайтай холбодог. Тийм л утгатай.
-Аан, ховс гэдэг нь ерөөсөө л сүнсэн биетэй л харьцахыг хэлээд байгаа юм байна шүү дээ. Гэхдээ ямар ач тустай гэж?
-Хүн болгон махан бие, мөн сүнсэн биетэй. Нийт хүмүүсийн биеийн, генийн, удмын сангийн мэдээллийг сүнсэн бие өгч, хадгалж явдаг. Махан бие үсрээд л 5 хувийн мэдээллийг тээдэг. Сүүлийн үеийн оддын хүүхдүүдийн хувьд сүнсгэл бие нь 97-98 хувийн мэдээллийг ч тээж явах нь бий. Дэлхийд эргэн мэндэлж буй эдгээр хүүхдүүдийн сүнсгэл биед асар их ухаан, мэдлэг, авьяас билиг, ур чадвар агуулагдаж байдаг. Тэгэхээр бүх өвчний гол суурь, үндэс голомт нь эрчимт бие буюу сүнсэн биед байдаг. Зарим өвчний голомт 100 хувь, зарим өвчнийх 50 хувь сүнсгэл биед оршиж байдаг. Энэ утгаараа ховсын тусламжтайгаар сүнсийг нь сүнсний орон зайтай, эрчмийг нь эрчмийн орон зайтай холбоод шаардлагатай туяаг нь татаж байгаад бохир эрчмийг цэвэрлэхээр илүү хүчтэй эмчилгээ, засал болдог. Сүнсгэл бие, эрчим бие дээрх өвчний голомтыг арилгачихаар махан биеэ мэдээж тойглоно. Эм тангаа ууна, амин дэмүүдээ хэрэглэнэ, зөв хооллоно, алхана, хөдөлгөөн хийнэ. Ингээд хавсруулахаар хүний бие төгс эмчлэгдэж, засагдаж байна гэсэн үг. Үүгээрээ ховсын эмчилгээ буюу ховсын увидас хүчтэй.
-Ямар сайхан мэдээлэл вэ. Ийм сайхан зүйлийг бид яагаад дөнгөж л одоо мэдэж байна вэ?
-Мэдээж аливаа бүхэн цаг хугацаатай. Ховсыг хэзээ, хэдийд ашиглуулах вэ гэдгийг дээрээс зохицуулсан. Бид ерөөсөө ч шийдэж байгаа юм биш. Хүмүүс хэзээ жаахан гэгээрээд, ховсыг хамаагүй зүйлд ашиглаж болохгүй гэдгийг ухаарна, тэр цагт цагт нээж байгаа юм. Магадгүй 10, 20 жилийн өмнө нээж болохгүй байсан. Тэр үед маш олон бөө төрлөө. Буруу, зөрүү аархаж, намайг хэн мэдэж, усыг хэн хашдаг юм гэгчээр дур дураараа тонгочсон. Нэгэн рүүгээ элдэвлэж, янз бүрийн араншин гарган, мөн их юм боллоо шүү дээ. Гэтэл сүүлийн үед бясалгал, иога, маш олон соён гэгээрлийн үйл ажиллагаа шат шатанд явагдаж, ямартай ч хүмүүс үйлийн үр, карма гэж байдгийг ойлгочихлоо. Сайн эрчим түгээж, сайн үйл хийхээр бид дэлхий дээр ирсэн гэдгээ ойлгож, ухаараад, бидний хийсэн буруу зөрүү зүйл үр хүүхэд, удам хойчид маань нөлөөлдөг юм байна гэдгийг амьдралаараа үзчихлээ, харлаа. Хүмүүс жаахан гэгээрч эхэлсэн энэ үед ховсыг дээрээс нээж байна. Энэ бүхэн дээрээс ирсэн л санаа. Тэд хэзээ, юуг хэрэглэх вэ гэдгээ мэддэг юм.
-Одоо л ховсыг хэрэглэх цаг хугацаа нь ирж байгаа юм байна. Гэхдээ ховсыг хамаагүй хүмүүст зааж, дэлгэрүүлж болох юм уу. Хэтэрхий аюултай биш гэж үү?
-Буруу зүйлд ашиглавал тэр хүн л өөрөө дэнслэгдэнэ шүү дээ. Өөрөө л үйлээ эдэлнэ. Тиймээс ховсыг буруу зүйлд ашиглаж болохгүй гэдгийг бид таниулах үүрэгтэй. Түүнийгээ бол сайн хийж, сайн таниулж байна. Бүх л мэдлэг , хүч хоёр талтай. Яг л цөмийн энерги шиг зөв ашиглавал маш хэрэгтэй, буруу ашиглавал маш их хор уршигтай. Түүнийг нь таниул гэж тэнгэр биднээр хөтлүүлээд байгаа юм. Түүнээс биш сайн дураараа ямар нэгэн ашгийн төлөө, мөнгө олох гэж бид ажиллаад байгаа юм биш. Бид мөнгө олъё гэвэл маш их боломж, хийх ажлууд байна. Ховсын цаана бид хүн бүрийг л сэрээж байгаа юм. Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. Эмчлэхээс гадна тэнгэртээ тэтгэгдэж, өвгөдийнхөө цус, ясаар холбогдсон генийнхээ өгөгдөл дор ядаж л зөв амьдарч явахад нь сургаж байна.
-Сайхан сонсогдож байна. Ер нь ховс гээд л эртнээс яригддаг. Чухам хаанаас гаралтай юм бэ, бас шинжлэх ухаанч салбар мөн үү?
-Ховс гэдэг эрдмийг монголчууд анх дэлхийд таниулсан хүмүүс. Түүнийгээ бүр түүхээрээ айлдчихсан. Эртнээс дайн байлдааны үед хүртэл цэргүүд нь ядарч, цуцах, эсвэл хүн хүчээрээ цөөдөх үед нэг ёсондоо цөөхөн удаа ховсын ид шидийг ашиглаад ялсан нь түүх болж үлдсэн. Ховсын тусламжтайгаар 17 удаагийн түүхэн ялалт хийсэн буурай байдаг. Түүнээс хойш энэ эрдэм огт тасраагүй. Сократ, Аристотель, Платоны үед ч тасраагүй. Тэд сүнс засал, сэтгэл засал гэдэг зүйлийг хийдэг байсан шүү дээ. Тухайн үед ч хүмүүс өвдөж, зовж байсан. Маш олон төлөөлөгчдөөр дамжиж явсаар өдгөө сэтгэл заслын гол техник болчихоод байна. Шар хадны эмнэлэгт сэтгэл зүйн өвчлөлтэй хүмүүсийг мэргэжлийн, бэлтгэгдсэн эмч нар ховс хийж эмчилдэг шүү дээ.
-Ховсыг ашиглаж хагалгаа хүртэл хийдэг байсан тухай сонсож байсан юм байна шүү?
-Хийдэг байсан түүхүүд бий. Монте Кристо гүн зохиолд гардаг хамба лам Фариа ховс хийдэг хүн байсан. Тэр хүн бол ховсыг нэлээн сайн хөгжүүлсэн. Дараа нь түүний шавь нар гээд л өргөжсөн. Анх ховсын эрдмийг нээсэн бидний өвөг дээдсийн удам Франц эрдэмтэн Шарко тухайн үедээ Парис хотын язгууртнууд үйлчлүүлдэг эмнэлгийн ерөнхий эмч байхдаа ховсын аргаар стерик өвчнийг эмчилдэг байсан. Өөрөө мэдрэлийн эмч байсан болохоор мэдрэлийн гаралтай бүх өвчнийг ховсоор эмчлэхийг шинжлэх ухааны түвшинд гаргаж ирж, олон нийтэд таниулсан байдаг.
-Тэгэхээр ховс бол сэтгэл зүйн салбарын том ололт, салшгүй нэг хэсэг юм байна. Бас шашинлаг санагдаад байна л даа. Ховсоор сүнсний ертөнц, өвөг дээдэстэй нь холбодог гээд ярьж байна шүү дээ?
-Хүн болгон сүнстэй. Сүнстэй хүн болгон сүнсний орон зайтай буюу сүнсний орон зайд суугаа өвөг дээдэстэйгээ холбогдох боломжтой. Заавал бөө дээр очих шаардлагагүй. Тарнийн хүчин дор ч холбогдож байгаа шүү дээ. Яг шашинлаг гэхэд бас биш. Шашнаас ч илүүтэй эмчилгээ, засал хийх боломжтой. Хүний бие долоон хүрдний сан, долоон сүнстэй байдаг. Тэдгээр сүнс нь амьдралын явцад гэмтэж, энерги муудсаныг сүнсний ертөнцөөр, эрчимээр холбож, эмчилж, аура, гэрлийг нь нэмэгдүүлж байна гэж ойлгож болно. Мэдээж эмчилгээ, үр дүн илүү хүчтэй.
-Ёстой сонин юм аа, хүнийг нэг л сүнстэй байдаг гэж боддог байлаа. Долоон сүнсний үүрэг юу юм бол оо?
-Тэнгэрийн хоёр сүнсээр дамжуулж, тэнгэр дэх ах дүүс, өвөг дээдэстэйгээ холбогдоно. Газрын таван сүнс нь дэлхийн таван махбодийн эрчмээр эрчимнэж, таван тивийн орон зайтай холбогдон, махан биеэ тэтгэж байдаг.
-Өвөг дээдэстэй холбоно гэж байна. Холбогдож байгаагаа мэдрэх боломжтой юу. Эсвэл Дэмч та хэлж өгөх үү?
-Зөнтэй, мэдрэмж өндөртэй хүн бол өөрөө мэдэрнэ. Хүрд, сүвнүүд нь хаалттай, мэдрэмж багатай хүн бол харьцангуй бага мэдэрнэ. Бөө гэдэг нь нэг ёсондоо тэнгэр, газар хоёрыг холбогч шүү дээ. Тэнгэр дээр өвөг дээдэс, газар дээр бид байна. Бясалгал хийж буй хүмүүс ч ялгаагүй эрчим биеэрээ эрчмийн орон зайд аялж, өвөг дээдэстэйгээ холбогддог. Бид ч гэсэн торгон эрчмийн судлуудаар чинад орон зайн өнгөт эрчмүүдтэй холбочихож байна. Дээд ариун эрчмийн зай руу хүний биеийг холбож, сүнсийг засан, эрчмийг нь цэвэрлэдэг гэсэн үг л дээ. Ингэж дутсан өнгөт эрчим, цацраг, гялбаадаар цэцэглэн, тэтгэн өгч байгаагаа ховсын засал эмчилгээ гэж нэрлэж буй юм. .
-Ховсын талаар хүмүүс өөр ойлголттой байдаг. Ховсдож, хайртай дуртай хүнээ өөрийн болгох, нөхөр нь ховсдуулсан гэнэ гээд л ярьдаг шүү дээ. Энэ ховс бол өөр ойлголт байх нь?
-Хүмүүс ховсоо ялгахгүй байна. Дом, шившлэг, янз бүрийн хар, шар дом, тарни, үгийн хүч ашиглаж юм хийчихээд түүнийгээ ховстой андуурах хүн бий. Аан бас ховс ашигладаг хүн ч бий. Чин үнэндээ одоо хүн төрөлхтөн бүгд харын ховсонд унтаж байгаа. Яагаад сэрэхгүй байгаа юм бэ. Яагаад хүмүүс амьдралын зорилгогүй, эсвэл ямар нэгэн муу үйл хийж чадаж байгаа юм. Хүн төрөлхтөнг аль хэдийнэ маш хүчтэй үйлдэл, бодол, санаагаар ховсдчихсон юм шүү дээ. Сэтгэл гутралд орлоо, оройн хүрдүүд хаагдлаа гэж байна, дандаа хар хүчний ховсонд орчихсон яваа хэрэг.
-Хар хүч хаанаас гарч байгаа гэж?
-Мөнгөний эзэд, дэлхийг захирагч нар, баялаг, эрх мэдэл бүгдийг атгачихсан хүмүүс байна. Бидний цаана үр хүүхэд минь сайн яваасай гэсэн сайхан сэтгэлтэй өвөг дээдсийн хүч байгаа бол тэдний ард зөвхөн миний үр хүүхэд, баян, эрх мэдэлтэй байгаасай гэсэн удам угсааныхан байна. Нөгөө талдаа далд ертөнцөөс ирсэн харь гарагийнхны наймаалжин төрхтөн, луун төрхтөн, могойн төрхтөн, аалзан төрхтнүүд хар ховсонд хүн төрөлхтөнг оруулсан. Наад зах нь юутүб, интернэтийн цаана маш их хар хүч явж байна. Донгийн хар ховс хүүхдүүдийг маань эзэлчихээд байна шүү дээ. Дэлхийд анх ховсыг нээсэн өвөг дээдэс маань “Харын ховсонд нойрсуулаад унтаж буй үрс минь ээ” гэж хэлдэг. Ийм л болохоор дэлхийн хаа нэгтээ террост ажиллагаа, хүчирхийлэл, түрэмгийлэл хүчээ авч, хүмүүс хамгийн их шуналтай, хар хорон санаатай, хүний мөн чанараа алдах дээрээ тулчихаад байна. Хар хүч гэдэг чинь хамаг дэлхийг эзэгнэж, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч бидний бие, сэтгэлд үргэлж муу муухайг мэдрүүлсээр байна.
-Нийтээрээ харын ховсонд орсон байж болно. Харин та бүхний хэдэн хүн харын ховсоос сэрчихсэн. Сэрчихээд одоо бусдыг сэрээх гээд л үзээд байгаа юм байна шүү дээ?
-Яг энүүхэндээ гэж хэлэхэд бид тэр харын хүчнээс монголчуудаа салгахаар хичээж байна. Яагаад бид заавал эсэргүүцүүлэн, шүүмжлүүлэн барин байж энэ ховсын үйлийг дэлгэрүүлээд яваа юм бэ. Яагаад ховсын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээд байгаа юм, зүгээр л сэрээж байгаа юм шүү дээ. Оройн хүрдүүд дээр тэр айхтар хар ховсоос салгахыг хичээж байна. Хэзээ байтлаа бид нэг нэгэндээ хорсоод, амиа хорлоё гээд эсвэл 10 давхар байшинтай болъё гэж Монгол хүн боддог байсан юм бэ. Үүний цаана тийм байдалд байлгаад, хүн төрөлхтөнг боолчлох далд ертөнц, харь гарагийнхны асар хүчтэй бодлого явж байгаа шүү. Харь гарагийнхны төлөөлөл нь манай дэлхийгээр дүүрэн амьдарч байна. Нөгөөдүүл нь хэн юм, хүчирхийлэл, колончлолын дээрэнгүй бодлого явуулаад байгаа улс орны эзлэн түрэмгийлэгчид, мөнгөний эзэд л байна. Эдний цаана маш том бизнесүүд явдаг. Вакцин гэхэд маш том эмийн бизнес. Цар тахал гэдэг чинь хүртэл бизнес. Бүх юм хоёр талтай. Гэсэн ч бид хоргүй ховсыг ашиглаж нойрсоод байгаа хүмүүсийг сэрээх гээд үзээд байгаа юм.
-Зөгнөлт кино цаашаа санагдлаа. Сонирхолтой ч юм. Ингэхэд айдсаас гаргах ховс, өршөөл, уучлалын ховс, гомдлын ховс гээд л та бүхэн ховсын эмчилгээ явуулдаг юм билээ. Одоо цагийн нийгэмд яг хэрэгтэй эмчилгээнүүд хийгдээд байх шиг. Хэдэн удаа явж байж үр дүн харагдах вэ, их л гайхамшигтай гэдэг шүү?
-Зарим хүн магадгүй ганцхан удаа ороход үр дүн гарна. Зарим нь олон явна. Хүн хүний биеийн хүлээн авах чадвар, онцлог өөр. Сэтгэлгээний итгэл үнэмшил гэж бий. Энэ ч дээ, юу л бол гэж янз үзэж орж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ маш үр дүнтэй учраас хүмүүс хэтэрхий ховсын хамааралтай болчих вий гэдгээс бид эмээдэг.
-Магадлалтай юм. Эрүүл болоод, сэтгэл баясаад, ажил үйлс дэлгэрээд байвал дондох магадлалтай шүү?
-Хүмүүсээс ганц нэг тийм шинж илрээд байна. Хоёр, гурван сар яваад сайхан болж байна гээд хэт шимтээд байгаа хүмүүс харагддаг. Гэхдээ хүн хэчнээн сайхан болоод өөрийн зан аашаа засахгүй бол нэмэргүй. Энд сайхан засал хийлгээд сүнсэн биеэ эрчимээр дүүргэчихээд гараад хүнтэй муудаж, сөрөг энерги татаад байвал ямар нэмэр байх билээ. Эерэг үзэл бодол, зан ааштай, үргэлж бусдыг хайрлаж, дэмжиж явдаг хүн заавал ховсонд ороод эрчим, энергиэ засах гээд байх шаардлагагүй. Мэдээж ховсонд явж, сүнсэн биедээ эрчим хураах муу зүйл биш. Байгалийн унаган эрчим, уул ус, хангай дэлхийгээсээ ч хүн энерги, эрчим авч болно л доо. Хүн гэдэг амьтны чинь 95 хувь нь энергиэс бүрддэг. Тэр 95 хувийн энерги нь төрөл төрлийнх байх ёстой. Нарны, салхины, уул усны, өвс ногоо, цэцэг навч, хур бороо, цас мөсний, мөн түм түмэн од эрхэсийн эрчим сүлэлдээд байх ёстой. Түүнээс биш хэдхэн хоол ундны дунд эргэлдээд байвал бусад эрчим дутагдана.
-Тэгэхээр ховсонд орсноор нэг ёсондоо засал болох нь ээ дээ. Өөрийгөө эмчлэх, засах боломжтой сургалтууд байдаг гэсэн байх аа?
-Бид ховсчин байхын тулд маш их мэдлэгтэй, өөрөө сүнснийхээ хувьд өсөн дэвжсэн байх ёстой. Миний сүнснээс цацраг гарч байж бид бусдад эмчилгээ хийнэ. Миний биений сүнснээс гялбаа гарах чадвартай байж бусдад гялбаат эмчилгээ хийнэ. Тийм байж бид засал хийж чаддаг. Сургалтын хүрээнд өөрийгөө эмчлэх, эрүүл байх, хамгаалах ховс заадаг. Нөгөө талаасаа бид маш их танин мэдэхүйн хичээл заадаг. Мэдлэгтэй байж ховс руу орох ёстой. Мэдлэггүй байж хэдэн үг цээжилчихээд ховс руу орвол өөрөө л бүдэрч унана. Ер нь ховсын эрдмийн цаана маш өндөр дэнс байдаг. Жинхэнэ үйлийн үрийн хөтөлбөр тэнд явдаг. Чадахгүй юмаараа оролдож нэмж өөртөө үйлийн үрийн хөтөлбөр аваад яах вэ дээ.
-Тийм шүү. Сонирхож байгаа хүмүүст нь хэрэгтэй байх. Яг ямар төрлийн сургалтууд зохион байгуулдаг юм бэ?
-Гурван төрлийн сургалт явуулж байна. Нэгдүгээрт хүүхдийн сургалт зо­хион байгуулдаг. Энд Оюун ухааны танин мэдэхүй, Сэтгэл хөдлөлийн танин мэдэхүй, Зөн билгийн танин мэдэхүйн хичээлүүд заадаг. Оюун ухааны танин мэдэхүйгээр IQ, шинж­лэх ухаан талдаа мундаг болчихож байна. Гэтэл сэтгэл хөдлөлийн оюун ухаан суулгаагүйгээс сэтгэ­лийн хатгүй, ноён нуруугүй болж амьдралд алдах нь байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлийн танин мэдэхүйн хичээл ордог. Хүүхдийг сэтгэлээр нь, сүнсээр нь босгож ирэх ёстой. Тэгэхгүй бол хүүхдийг нялх балчраас нь ямар нэгэн байдлаар сэтгэлийн айдаст автуулж, сэвтээсэн байдаг. Үүнийг энэ хичээлээр засна. Ингээд дээрээс нь SQ буюу зөн билгийн чадварыг суулгадаг. Наад зах нь үндсэн таван зөнг нь нээлгэхгүй, хаалгахгүй байя гэдэг сургалт юм. Үүний цаана тэнгэрийн хамгаалалтад л хүүхдүүдийг нь өгчихөж байна гэсэн үг. Эс тэгвээс интернэтийн ард дандаа хар ховсонд хүүхдүүд автаад байна шүү дээ. Сүүлийн үед маш их гоц авьяастай хүүхдүүд төрж байгаа учраас тэрийг нь сэрээж, бас хамгаалж өгч байгаа юм. Ийм учраас хүүхдийн сургалт их чухал санагддаг.
Хоёр дахь сургалт нь “Өөрийн ховс” буюу эмчилгээний ховсын хи­чээл орж байна. Нийгэм өөрөө их стресстэй, бухимдуу болсон энэ үед үгийн зэв гэдэг хар, цагаан хэл ам, өс хонзонгоос яаж өөрийгөө хам­гаалах вэ, мөн өөрийгөө хэрхэн эмч­лэх вэ гэх мэтийн сургалт ордог. Байгалийн олон төрлийн эр­чмийг юу юунд хэрэглэдэг, юу юунд зориулагдсан юм, төрсөн ну­тагтаа очиж чадахгүй байгаа хүн яаж тэр эрчмийг өөртөө татахыг заахаас гадна сүнснүүдийг нь таниулж өгнө. Гурав дахь нь сэтгэл заслын сургалт. Арай шидтэй, мэдрэмжтэй болоод засал хийх мэтээр гүнзгий шат руу орно гэсэн үг л дээ.
-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!