Хойд Солонгос орон нутгийн цагаар пүрэв гарагийн 07.30 цагийн орчимд Пхеньяны орчмоос Солонгосын хойгийн зүүн эрэг рүү баллистик пуужин харвасан байна. Тодруулбал, дунд болон урт тусгалтай нэг баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга мэдэгдэв.
Энэ талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр Батлан хамгаалах яамны мэдэгдлүүдийг ч нийтэд хүргэсэн байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада “Уг пуужин нь Хойд Солонгосын хамгийн урт тусгалтай, тив хоорондын баллистик пуужингийн нэг төрөл байж магадгүй” хэмээлээ. Японы эрх баригчид нарийн ширийн зүйлийг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.
Хамада уг пуужинг Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэдгийг нэмж хэлэв. Японы Засгийн газар эхэндээ Хойд Солонгос пуужин харвасны дараа тус улсын хойд хэсэгт орших Хоккайдо мужийн оршин суугчдыг хоргодохыг зөвлөсөн юм.
Эл явдлын дараа Хоккайдо болон түүний эргэн тойронд пуужин унах магадлал байхгүй гэдгийг Японы эргийн хамгаалалтын алба мэдэгдсэн байна. Тус улс өмнө нь ижил төстэй туршилтын үеэр иргэдийг хоргодох байранд орохыг анхааруулж байсан юм.