Өнөөдөр Э.Бат-Үүл хорих ангиас өлсгөлөн зарлаж байгаа талаар түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Э.Бат-Үүлийн олон нийтэд хүргэж буй захилдыг уншиж танилцуулав.
Захидалд “Би Украиныг өмөөрөх эрхтэй. Хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрх чөлөөгөө сэргээх хүртэл өлсгөлөн зарлана. АН-ын баатрууд, МоАХ дэмжээрэй. Чөлөөт хэвлэлийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалаарай гэж уриалж байна.
1990 оноос өмнөх тогтолцоо эргэн иржээ. Путиныг шүүмжлээд буруутан болдог бурангуй нийгэм бий болжээ. Би Оросын шоронд хоригдож байгаа юм уу. Би Путины шоронд хоригдоогүй, түүний улсад амьдраагүй. Ардчиллын баатрууддаа хандаж хэлэхэд, 1990 оноос өмнөх колони улс чинь сэргэж байна шүү.
Нэгт, жижиг гүрнийг том гүрэн дарангуйлдаг явдал газар авбал бидний ирээдүй эрсдэлд орно.
Хоёрт, манай эдийн засаг хүндэрч байна. Бид эвийн хэлэлцээрт орохыг уриалах ёстой.
Залуус аа, дэлхийн залуусаас ичээч. Ардчилал бол чиний гэр орон. 1990 оноос хойш анх удаа бурангуй ёс тогтож байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж бичжээ.
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай:
“Путины колоничлол эргэн сэргэх үү гэсэн нийтлэлийг аав бичсэн. Прокуророос үүнээс нь үүдээд, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарлажээ. Гуравдугаар сарын 7-нд бичсэн нийтлэлдээ Путины бурангуй үйлдлийг шүүмжилж бичсэн байсан. Гэвч прокуророос хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан” гэж ярилаа.
Түүнчлэн өмгөөөлөгчийн зүгээс:
“Эрүүл мэндийн байдалд нь санаа зовж байна. Эрүүл мэндэд нь хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Прокурор хүний эрхийг хамгаалдах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн үүрэгтэй. Энэ үүргийг нэхнэ. Өлсгөлөн зарласнаас улбаатайгаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал прокуророос нэхнэ гэдгийг хэлье. Өнгөрсөн долоо хоногт хэрэг нь давж заалдах шатны шүүхэд шилжсэн. Э.Бат-Үүл шүүх хурлыг нээлттэй явуулахыг л хүсэж байгаа. Одоо ч тэр шүүхэд биечлэн оролцоно, мөн хэвлэл мэдээллийнхэн болоод иргэдэд нээлттэй хийгээсэй гэж хүсэж байна” гэлээ.