Өнөөдөр АН-аас 4/11 мэдээллийн цагаа Төрийн ордноос хийлээ. Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар байлцсан бөгөөд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өглөө.
Тэр саяхан батлан даалтаар суллагдаад байгаа юм.
Э.Бат-Үүл “АН руу дайрч буй үйлдлээ Х.Баттулга зогсоо. Одоо болно. Ард иргэдийг хүнсээр хангах тэр бизнесээ л сайн хий. Хоёулаа одоо нийгмийг авч явж чадахгүй. Харин залуус болж чадна. Сая залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусынхаа өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо” хэмээсэн юм.
Түүнчлэн “Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад хандаж, боль гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. АН-ын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол автор нь Х.Баттулга өөрөө.
Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж, Оросын дагуул улс болох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй” гэлээ.