“Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элкондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын рок поп урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Түүний хувьд саяхан элэг солиулах хагалгаанд орсон бөгөөд хэдхэн хоногийн өмнө “Миний хамт олон “Нэг гэр бүл” рок, попын үе тэнгийн хамтран зүтгэгч андууд, ах эгч, ачит багш нар, энэ сайхан урлагийн үйлсийг үргэлжлүүлж яваа дүү нартаа намайг дэмжиж, урам хайрладаг түмэн олондоо маш их баярлаж, талархаснаа илэрхийлье ээ. Цогоо нь алтан гарт эмч нарын буянаар ертөнцийн алтан нарыг шунан харж, амьдралд дурлаж, баясан бахдан суух хувь тохиол заяасанд талархаад ханашгүй нь ээ. Өвчин хэмээх том давааг та нарынхаа буянаар давж, цаашид улам ихийг хийж бүтээж, эрүүл саруул явж, түмэн олон та нарынхаа итгэлийг даах даалгавар аван, үүрэг хариуцлага хүлээн, өөртөө байгаа бүх боломж бололцоогоо шавхан дайчлан, ихийг бүтээх хүслээр хөглөгдөн, өдрөөс өдөрт тэнхэрч байна. Миний төлөө залбирч, намайг босгосон та нарынхаа итгэлийг алдахгүйн тулд Цогоо нь бүх хүчээ дайчилна гэдгээ дахин дахин хэлье” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичиж байсан юм.
Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.