COVID-19 өвчний халдварын тоо тогтмол нэмэгдэж, нас баралт зэргээс үүдэлтэй тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хариу арга хэмжээ авах шаардлага бий болж байна.
Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг богино хугацаанд дүгнэж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус төвийн хувьд COVID-19 өвчнөөр өвчилж хүндэрсэн өвчтөнг эмнэлгээс эмнэлэгт шилжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ салбарын сайдад хэлж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн тулгамдаж байгаа гол асуудал болох хүндэрсэн өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх зохицуулалтыг шуурхай болгож, арга хэмжээ авах үүрэг чиглэлийг ЭМЯ-ны хариуцсан албан тушаалтан болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нарт үүрэг болгов.
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөр 330 мянга 200 гаруй иргэд үйлчлүүлдэг. Тус төвийн хувьд энгийн үед ч ачаалал өндөртэй ажилладаг байна. Гэтэл сүүлийн үед COVID-19 өвчний улмаас ачаалал нь эрс нэмэгджээ. COVID-19 өвчнөөр гэртээ тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа 868 хүн, ойрын хавьтал болсон 1,003 хүн, эмнэлэгт хэвтсэн 11, эмчлэгдэн эмнэлгээс гарсан 75 хүн байна.
Эх сурвалж: ЭМЯ