СХД-т байрлах автовокзалыг “Драгон” төвөөс нүүлгэсэн нь зөв үү, буруу юу. Нийслэлчүүд эл сэдэв дээр өдгөө ч маргасаар байна. Эл талцалын гол авторууд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, “BRB” компанийн захирал Ж.Энхжаргалан нар юм. Ж.Энхжаргалан нь “Драгон” төвийн эзний хүргэн тул хамгаалагч болж, С.Бямбацогт сайдыг өөрийн найз “Номин”-гийн Ш.Баярсайханыхаа бизнесийг тэтгэх үүднээс автовокзалыг нүүлгэлээ хэмээж буй.
Тэгвэл “Драгон” төвийн үйл ажиллагааг эрхлэгч, эзэн нь хэн бэ. Эл компанийн үүсгэн байгуулагч нь Самдангийн Баярт болон түүний охин Б.Октябрь бөгөөд эцсийн өмчлөгч нь Б.Октябрь юм. Тэрбээр компанийнхаа Гүйцэтгэх захирлаар ажилладаг төдийгүй нэр дээр нь 7 хуулийн этгээд бий. Б.Октябрь өөрийн нөхөр Ж.Энхжаргалангийн үүсгэн байгуулсан BRB компанийн үүсгэн байгуулагчаар хоёр жилийн өмнө нэмж бүртгүүлжээ.
Мөн Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол зохион байгуулагдсан. Эл сонсголын үеэр Төрийн банкаар дамжуулан олгосон зээл санхүүжилттэй холбоотой мэдээллийг танилцуулсан. Тухайлбал, “Драгон холдинг” ХХК Хөгжлийн банкнаас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 8.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн нийт санхүүжилтээс 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр авч зарцуулсан талаар шинжээч танилцуулсан юм. Харин Ж.Энхжаргалан эхнэрийнхээ энэхүү зээлийн талаар мэдээгүй гэж хэвлэлд хариулахад нь Б.Цэцэг “8.4 тэрбум төгрөг халаасалчихаад нөхөртөө хэлээгүй овоо хүүхэн юм” хэмээн егөөдөөд авсан.
Тэгэхээр “Драгон” төвийн эзэн Б.Октябрь цэвэр хүн үү гэвэл бас үгүй бололтой. Хөгжлийн банкнаас хүртэл 8.4 тэрбумаар нь зээлчихээд 7.6-г бэлнээр зарцуулсан нь тун сонин. Уг төслийн үйлдвэр нь одоо ч нээгдээгүй байгаа гэх. Бас эргүүлэн гүйцээж төлсөн үү гэдэг асуулт үлдэж. Үнэн чанартаа хотын түгжрэл гэсэн эмзэг сэдэв дээр дөрөөлж бизнесээ хамгаалах гэж улаан цагаан чичирсэн хөрөнгөтнүүдийн маргаанд аль нэг талд нь орж далдаганах хэрэг ард түмэнд байхгүй. Зам түгжрэлгүй, түмэн бухимдалгүй байх нь чухал болохоос хэн хэнийх нь харыг гайхаад яахав дээ, яг үнэндээ.

Дараагийн мэдээ