Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

АН-ын дарга О.Цогтгэрэл: Эрх баригчид иргэд, бизнес эрхлэгчдэдээ сонголт өгөхийг огтхон ч хүсэхгүй байна

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цаг үеийн сэдвээс яриагаа эхлүүлье. Засгийн газар өмнө нь хатуу хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдэж байсан ч хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд хүрчих шиг боллоо. Гэхдээ энэ удаа хөл хорио тогтоогоод ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Иргэдийн дансанд 300 мянган төгрөг шилжүүлсэн ч энэ нь татварын маргаантай байгаа. “Эрх баригчид шийдвэрээсээ эргэж буцсан, төлөвлөгөөгүй ажиллаж байна” гэх шүүмжлэл ч олны дунд бий. Ер нь төрөөс хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээг сөрөг хүчний гишүүний хувь хэрхэн  дүгнэж байна вэ?

-Тийм ээ, яг л тань шиг Монголын төр, Засгийн газар, эрх баригчид үндсэндээ ковидын өмнө, үүсээд буй нөхцөл байдлын өмнө гараа өргөөд бууж өгснөө ил тод зарласан үйл явдлууд өрнөж байна. Тэд 20,30 жилийн төлөвлөгөө ярьдаг хоёр, гурав хоногийн дараа ч яах талаараа төлөвлөгөөгүй, шийдэлгүй байдаг гэдгээ л харуулчихлаа. Ер нь цаашид асуудал, бэрхшээл үүсвэл, гамшиг, гай тохиолдвол гарц шийдэл байхгүй юм байна гэдгийг л сайтар ойлгож авлаа. Азанд найдсан, аргалсан ажиллагаагаар цааш хэн ч хол явах боломжгүй шүү гэдгийг бидэнд мэдрүүлсэн өдөр хоногууд л өнгөрч байна даа.

– Харин Ардчилсан нам энэ парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. “Нэг нам үнэмлэхүй олонх болчихсон учраас сөрөг хүчнийхээ үгийг сонсохгүй байна” гэж та бүхэн мэдэгдэж байсан. Ер нь хөл хорио тогтоохоос өөр гарц шийдэл, гаргалгаа байгааг олж харж байна уу. Хэрвээ танай нам Засгийн эрхийг барьж байсан бол хэрхэх байсан бэ?

-Арай өөр байх байсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь, Ардчилсан намын итгэл үнэмшил, үзэл баримтлал нь иргэд, бизнес эрхлэгчдэдээ эрхийг нь өгч, боломж, сонголтыг олгох шүү дээ. Тэгэхээр бид ажлын арга барил талаасаа арай өөрөөр ажиллах байсан. Эрх баригчдын ковидтой тэмцсэн өнгөрсөн нэг жилийн ажлын арга барилыг харахад үндсэндээ иргэд, аж ахуйн нэгжүүддээ ямар ч эрх олгосонгүй, сонголт өгсөнгүй, бүгдийг л төр хийнэ гэдэг зарчим баримталчихлаа. Тусламж, дэмжлэг байсан ч нэг л сонголттой, нэрлэсэн хэмжээгээр олгоно  гэсэн л арга барил харагдаж байна.

Ганц нэгхэн жишээ дурдахад гадаадаас иргэдээ татан авчрахдаа тэдэнд ямар ч сонголт өгөөгүй дур зоргоороо шийдвэр гаргасан. УОК-ын сонгож, шилсэн, шилсэн гэхээсээ илүүтэй шахсан байранд “Тогтсон үнээр л байрлах ёстой” гэсэн цор ганцхан хувилбар санал болгосон. Хамаагүй төрийнхөн жишиг тусгаарлалтын байр гаргаж болно. Сул зогсож байсан түүнээс илүү тохитой, үйлчилгээ, стандарттай сайтай олон байр, буудлууд байсныг ашиглаагүй. Бизнесийнхэндээ боломж олгоод, ирэх иргэддээ сонголт өгөөд илүү олон тусгаарлах байрыг бэлдээд хэд дахин олон иргэнээ татах боломж өнгөрсөн хавар, зунд байсныг ашиглаж чадсангүй. Төрийнхөн л оролцож хийнэ, тийм биш бол юу ч хийж болохгүй гэсэн байр суурьтай.

Тодруулж хэлбэл, эдийн засгийн урамшууллын механизм ашиглаж, төрөөс өгөх татаасыг нь 50 мянга гэж хязгаарлахгүйгээр хувийн салбарынханд таатай хувилбар санал болгосон бол тусгаарлах байрны асуудлыг маш хөнгөхөн шийдчих боломж байсан. Өөрсдөө нухсаар цагаа барсан.

-Вакцин оруулж ирэх асуудал дээр ч төр бүхнийг хийнэ гэдэг зарчим баримталж байна гэж аж ахуйн нэгжүүд шүүмжилж байсан. Хувийн хэвшилд боломж олгохгүй явсаар өнөөдөр вакцины нөөцгүй болчихсон юм биш үү?

Тийм, хувийн байгууллагуудын эрхийг боомилж байгаа нэг  жишээ нь энэ вакцинжуулалт. Хувийн хэвшлийнхнийг өөрсдийн шугамаар вакцин олж ирэхийг, иргэдийг өөрсдийн хүслээрээ үнийг нь төлөөд вакцинаа хийлгэх сонголтыг нь бас өгсөнгүй. Бас л “Засгийн газрын төлөөлөгч л хөөцөлдөнө, гэхдээ зээлээр олж ирнэ, түүнийгээ үнэгүй тарина” гэдэг ганцхан арга замтай.

Энэ бол вакцин олж ирэх, иргэддээ тарих боломжит нэг л арга мэтээр ойлгуулж байна. Үүнээс гадна өөр олон хувилбарууд байж болно доо. Эм, эм ханган нийлүүлэх компани, бизнес эрхлэгчид вакцин оруулж ирэхийг уриалаад, татвар, санхүүгийн хөшүүрэг ч ашиглаж болно. Өнгөрсөн долоо хоногт иргэдэд бэлнээр тараасан хоёр их наяд орчим төгрөгөөр вакцин худалдан авах боломж байсан. Насанд хүрсэн иргэдээрээ бодоход ямар ч вакциныг зах зээлийн үнээс нь гурав дахин өндөр үнээр олоод авчих мөнгө. Эртхэн төсөвтөө суулгаад их эртнээс энэ дүнгээр хэлцэл хийсэн бол магадгүй олдоц одоогийнхоос арай илүү боломж байж  болох байлаа.

Дүгнээд хэлбэл эрх баригчид иргэд, бизнесийнхэнд сонголт өгөхийг огтхон ч хүсэхгүй байна. Чадахгүй гээд итгэдэггүй юм уу. эсвэл мэддэггүй юм уу. Зүйрлээд хэлбэл мэдэхгүй мөртлөө мэдэмхий, чадахгүй мөртлөө дайрамтгай гэж хэлмээр.

-Эрх баригчид мэдэхгүй мөртлөө мэдэмхий, чадахгүй мөртлөө бүгдийг хийхээр дайрч гэж та хэлж байна. Танайхан ч гэсэн байхдаа өмнө нь тийм л хандлагаар ажилладаг байсан шүү дээ? 

-Магадгүй. Намын даргын сунгаанд би шинэчлэлийн 4х буюу хөнгөн, хурдтай, хүртээмжтэй, холбоос хийдэг нам болон шинэчлэгдэх тухай ярьж байсан. Энэ хөтөлбөрийн агуулга, ажлууд үүнд хариулт өгөх юм, ялангуяа хөнгөн болох үзэл санаа. Мэдэхгүй мөртлөө мэдэмхий байна гэдэг бол хэт ерөнхийлдөг, тухайн салбар, асуудалдаа мэргэшээгүй үед л гардаг асуудал шүү дээ. Хүний нөөц сайтай гэж эрх баригчид их хэлдэг ч, тулаад ирэхэд тухайн асуудлаараа мэргэшсэн боловсон хүчингүй л нам юм байна. Лав л гамшгийн менежментээр мэргэшсэн ганц ч боловсон хүчингүй л харагдаж байна.

Эндээс бид дараагийн удаа Засгийн эрх барихдаа салбартаа мэргэшсэн хүний нөөцөө одооноос бэлэн байлгаж, хамт ажиллах багыг нь бэлдэж байх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Улс төрийн нам ирээдүйд  хариуцлагатай албанд томилогдох лидерүүд, залуучуудаа чиглэл чиглэлд нь, тухайлсан бодлого болон сэдэв дагасан мэргэжилтнүүд болгон хөгжүүлэх бэлтгэх чиглэлд улам илүү ажиллахаар төлөвлөж байна.

Энэ жилийн хувьд “Бүтэн Ардчилал” нэртэй ардчилал, хүний эрх, бизнес, улс төрийн эрх чөлөөг хаан боогдуулж, аюул занал учруулж буй асуудлуудыг бодит кэйсээр гаргаж ирж, түүний хойноос 10 хүрэхгүй хүний бүтэцтэй асуудал, сэдвийн зөвлөл маягийн схемээр ажиллахаар бид эхний ажлуудаа эхлүүлээд байна. Их тодорхой, нарийн энэ сэдвүүдээр цомхон багаар мэргэших байдлаар гурван жил ажилласан хүмүүс ажлаа хариуцаад аваад явахад шал өөр үр дүн гаргана гэдэгт бид итгэж байгаа. Зөвхөн энэ хүрээнд гэхэд эхний байдлаар жагсааж үзэхэд 100 шахам асуудал байна лээ. Үүнийгээ бодит кейсээр баяжуулахаар “Зоригтой үг” гээд ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Ардчилсан намаас шинээр тодорсон хоёр дарга хоёулаа С.Зориг агсныг Улсын баатарт тодорхойлсныг нийгэм янз бүрээр хүлээж авч байна. Нөгөө талдаа С.Зориг агсны хэргийг улс төрчид олны анхаарал татахаар ашигладаг гэх шүүмжлэл ч байдаг. Энэ тухайд?

Бид Зориг агсныг ардчилсан хувьсгалын үзэл санааны удирдагч гэж ойлгодог. Ардчилал, хүний эрхийн үзэл санааныхаа чиг баримжааг авдаг “домог” гэж итгэдэг. Ийм учраас үүнийгээ өнгөлж шүтдэг, хайрладаг, итгэдэг болгож  ардчилал, хүний эрхийн ойлголтыг залууст тайлбарлаж, ардчиллынхан юунд зорьж байснаар түүгээр дамжуулан ойлгуулах оролдлого гэж ойлгож болно. Социалист системийн хаалттай орчинд төрийн өмнөөс, даргын өмнөөс дуугарсан бол өөрийнхөө эрхийн төлөө, хувийн өмчийг илүүд үзсэн бол нийгмийн гэмт хэрэг болдог байсан.

Үүнийг өнөөгийн залуус дүрсэлж ч чадахгүй байна. Гэтэл энэ ямар хэмжээнд бодит байдал байсан, ямар хэлбэр, аргаар хааж хориглож байсныг ой тойнд нь буутал мэдрүүлж, сурталчилж, үзүүлж, жигшүүлж чадаагүй нь Ардчилсан намынхан бидний алдаа байсан байна. Энэ бол зөвхөн нэг намын биш Монголын Ардчиллын үнэ цэнийг иргэн бүрдээ ойлгуулах их ажлын дөнгөж эхлэл. Иймээс Зориг агсны асуудал зөвхөн баатар цолон нэхэн олгосноор дуусчих ажил биш. Бид цаашид нийгмийг соён гэгээрүүлэх судалгаа, мэдээллийн, соёлын бүтээн байгуулалтын чиглэлд олон ажил хийхээр төлөвлөж байна. Хэлмэгдүүлэлтийг зөвхөн 37 оноор хэмжих биш өнгөрсөн нийгмийн бурангуй дарангуйлал, дарамт хавчлагын золиос болсон мянга манган хүмүүсийн өмнөөс дүгнэж харах хэрэгтэй. Тиймээс С. Зориг агсан болон түүнтэй хамт ардчиллын төлөө зүтгэж явсан ардчиллын олон баатруудынхаа итгэж зүтгэж байсан үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэх, үнэлж хүндэтгэхэд бүр онцгой анхаарна.

-Ардчилсан намын дотоод асуудал учраа олохгүй олон сарын маргаан, намын гишүүдээ талцуулж байна. Хоёр талд хоёр намын даргатай болчихсон. Намаа нэгтгэх бодол танд байна уу. Нөгөө талд намын даргаар сонгогдсон М.Тулгат та хоёрын харилцаа ер нь ямар байгаа вэ?

-Үйл явдлууд хурдацтай өрнөөд өнөөдөр бид хоёр утасны үзүүр дээр гараад суучихсан байгаа нь үнэн. Гэхдээ миний хувьд намын эв нэгдэл, эвлэрэл, нэгдлийг ямагт эрхэмлэнэ. Талцаж, муудсан ах нарын аль нэгнийх нь талд орох, нөгөөг нь муушаан буруутгах шалтгаан байхгүй. Тулгат бид хоёрын хувьд ч гэсэн хувийн харилцаа талаасаа бол зөрчилдөх асуудал байхгүй. Өмнө нь адилхан хувийн хэвшилд, бизнесийн салбарт байсан.

– Ардчилсан нам өнөөдөр хоёр талд сонгуулиа хийгээд,  аль дарга нь хүчин төгөлдөр вэ гэдгийг  шүүх эцэслэх нөхцөл байдалд байна. Шүүх ямар шийд гаргана гэж та хүлээж байгаа вэ? 

-Дүрмийн дагуу, эрх зүйн чадамжтай үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хорооноос сунгааг зохион байгуулж, анхан дунд шатнаас сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулж намын их хурлаа хуралдуулж, шаардлагатай бүх материалын хамт дээд шүүхэд хандсан. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сонголтыг хүндэлж, хэн нэгэн бүлэг, намын нөлөөнд автаагүй, хууль журмын хүрээндээ асуудлыг шийднэ гэж найдаж байна. Би Монгол Улсын шударга шүүхэд итгэж байна.

-Нөгөө талаас та нарыг “Хүрээд ир, нэгдээд Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцъё” гэсэн санал тавьсан.  Гэтэл та тал нэгдэхгүй зугтаад байгаа гэсэн. Энэ үнэн үү? 

Бид өнгөрсөнд бүтээхээс нураах нь, босгохоос сүйтгэх нь, эвлэхээс эвдрэлцэх нь илүү хялбар байдгийг хангалттай харлаа. Одоо нэн яаралтай уналтыг сэргэлт, бутралыг нэгдэл, ялагдлыг ялалт болгохын шаардлага байна. Ийм учраас би бол үргэлж эв нэгдлийн талд байгаа. Дүрэм, журмын хүрээнд асуудлуудаа нэгдэж яриад, нэг талдаа гарахад бэлэн байна.

Санаж байгаа бол УИХ дах бүлгийн гишүүд хүртэл С.Эрдэнэ даргатай уулзаад ажлын хэсэг байгуулах саналыг тавиад явж байсан шүү дээ. Таны ярьж байгааг уриалга гэсэн сошиалаар явж байсан бичиг болов уу, гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бичгээр гарт ирсэн зүйл байхгүй байгаа. Эв нэгдлийг эрхэмлэсэн уриалга, албан бичиг гэхээсээ илүүтэй өдөөн турхирсан маягийн өнгө аястай бичиг харагдсан.  Сошиалаар зөрчилдөх биш ажил хэрэгчээр уулзалдаж, ярилцаж ойлголцох нь АН-д, ардчиллаа бүтэн болгоход хэрэгтэй болов уу.

– Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. АН-аас одоогийн Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэх гэж “улайрч” байна гэх яриа байгаа. Үүнээс болоод хоёр талцсан гэх мэдээлэл ч бий. Ардчилсан нам Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх юм уу? 

-Ардчилсан намын хүчин төгөлдөр дүрмээр бол бүх зүйл тодорхой. Нам нэр дэвшигчдийг сунгаагаар тодруулна гээд заачихсан байгаа. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь сунгаанд оролцож ялалт байгуулсан учраас л нэр дэвшсэн. Манай намд Ерөнхийлөгчид нэр дэвшээд ялалт байгуулах боломжтой олон нэр дэвшигч бий. УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд хариуцлагатай албыг хашиж байсан хүмүүс намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн олон хүн байгааг та мэднэ. УИХ-ын бүлэг дотор хүртэл шаардлага хангахуйц хэд хэдэн дэвшигч бий. Сонгуулийн хуулиараа нэр дэвшилт өөрийн гэсэн хугацаатай. Тэр үед нэр дэвшигчид тодрох байх. Сунгаанд Х.Баттулга, З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ц.Оюунгэрэл гээд олон хүн өрсөлдөх байх гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиасаа ч дутахгүй өрсөлдөөн, сонголт манай нам дээр л болно гэж харж байна

-Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ ямар шаардлага тавих вэ?

-Ардчилсан намын хувьд Монгол Улсад цор ганц барууны үзэл баримтлалтай нам. Энэ онцгой ялгаа, өвөрмөц үнэт зүйлээ бид цагт ямагт хамгаалж, өнгөлөн тордох ёстой гэж үздэг. Баруун чигийн үзэл баримтлал гэдэг бол төрийн оролцоог аль болох бага байхыг, хувийн өмч, бизнесийг аль болох дэмжихийг, иргэндээ, бизнес эрхлэгчдэдээ илүүтэй боломж олгохыг зорьдог. Ийм учраас Ардчилсан намаас нэр дэвших хүн иргэдийнхээ эрхийнхээ талд зогсдог, хувийн өмчийг дээдэлдэг, иргэндээ, бизнестээ сонголт, боломж олгохыг эрхэмлэдэг, шударга шүүх, хуулийн засаглалыг хамгаалдаг л хүн байх ёстой гэж ойлгож байгаа.

 

Б.Бадралмаа

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!