Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ.
Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн гэнэ.
Мөн түүний гэрт ч нэгжлэг хийсэн ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо бусдаас онц их хэмжээний авлига авсан нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.
АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага хүсэлтийг хүлээж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.
Тэгвэл Б.Нямдавааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд байхдаа томилсон байна. Б.Нямдаваа нь урьд нь Н.Номтойбаярын хувийн “МАК” ХХК-д захирлын алба хашдаг байсан аж. Тиймээс Б.Нямдаваагийн авлигын цаана Н.Номтойбаярын ашиг сонирхол ч явж байхыг үгүйсгэхгүй.