-Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг бэ?
-Нийгмийн халамжийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн халамж, хамгааллын чиглэлийн үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.
-Цар тахлын халдварын нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?
-Нийгмийн халамжийн газар нь 20, нийслэлийн есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 499 алба хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой тогтоол, шийдвэрийг иргэдэд хүргэх, тэр дундаа зорилтот бүлгийн иргэдэд хүргэхээр ажиллаж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнүүд шат дараатайгаар ehalamj.mn болон e-mongolia цахим системд шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэд үйлчилгээ авах хүсэлт илгээх, анхан шатны нэгж болох хорооны халамжийн мэргэжилтэнтэй холбогдох зэрэг үйлчилгээ цахим системд шилжиж байгаа юм. Бид банк болон улсын бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран иргэдээ данстай болгох, данснаасаа бэлэн мөнгө авах үйл ажиллагааг хялбаршуулж байна. Ингэснээр иргэд тэтгэвэр, тэтгэмжээ авахын тулд заавал банканд дугаарлах шаардлагагүй болно.
-Нийслэлийн хэмжээд орон гэргүй, тодорхой хаяггүй иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Орон гэргүй, тэнэмэл иргэн гэдгийг Нийгмийн халамжийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжид тодорхойлсон байдаг. Эдгээр иргэнд дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш бид орон гэргүй тэнэмэл гэх 1,000 орчим иргэнийг бүртгэлжүүлсэн. Үүнд, хөдөө орон нутаг руу шилжих, гэртээ буцаж очсон иргэд байгаа. Мөн үнэхээр орон гэргүй, ах дүү, хамаатан садан нь хүлээж авах боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдийг төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэдэг төрийн бус байгууллагуудад байршуулан, үйлчилгээ үзүүлдэг.
Нийт зургаан байгууллагад 2020 онд хамгийн ачаалалтай үедээ 250 иргэнийг байршуулан үйлчилгээнд хамруулсан. Төрийн бус байгууллагууд маань тэдгээр иргэнийг эрсдэлээс хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ямарваа нэгэн халдварт өртөж, эрсдэлд орохгүй байх тал дээр анхаарч ажилласан.
Мөн Нийслэлийн Нийгэм хамгааллын тусгай төв иргэдийг хүлээж авч, үйлчилгээ үзүүлдэг юм. Төрийн бус байгууллагуудад байршиж байгаа иргэд дархлаажуулалтын II тундаа хамрагдсан.
Бид Улсын онцгой комисст хандаж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагуудыг халдвар хамгааллын хэрэгслээр хангах, халдваргүйтгэл, ариутгалын үйлчилгээг тасралтгүй хийж байна. Энэ ажлыг маш олон байгууллагын дэмжлэгтэйгээр хийдэг.
Орон гэргүй, тэнэмэл иргэд маань төрөөс үзүүлж байгаа мөнгөн тэтгэмжийг авч чадаж байна уу гэдэгт бусад иргэн ч анхаарал хандуулдаг. Энэ асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарсан. Манай байгууллага тухайн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, төрийн бус байгууллагад байршиж байгаа болон төвлөрсөн хогийн цэгүүдэд албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийг бичиг баримттай эсэх, банканд данстай эсэхийг тодруулах ажлыг шат дараатайгаар хийж байна.
-Халамж гэхээр мөнгөн тэтгэмж үзүүлэх, хүнсний талон тараах гэж ойлгох иргэд байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлдэг вэ?
-Иргэд өөрт хүрч байгаа үйлчилгээг халамжийн үйлчилгээ гэдгийг тэр бүр мэддэггүй. Нийгмийн халамжийн хуульд заасан тодорхой үйлчилгээнүүд байдаг. Хэсгийн ахлагч, хорооны нийгмийн ажилтан, бүртгэлийн хэлтсийн ажилтан зэрэг олон хүний ажлын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ иргэдэд бүрэн утгаараа хүрдэг.
Иргэд зөвхөн хүнсний эрхийн бичиг авах, ахмад настнууд амралтад хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг авах зэргийг л нийгмийн халамжийн үйлчилгээ гэж боддог. Зарим иргэн манай байгууллагыг олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон төрийн бус байгууллага шиг иргэдэд хэрэгцээтэй байгаа зүйлсийг өгдөг гэж ойлгодог. Манай байгууллага бол нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм.
Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хууль зэргийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийн хэлж заншсанаар цалинтай ээж, насны хишиг зэрэг үйлчилгээг хуулийн хүрээнд явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэдэг бол иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэх, байнгын асаргаа шаардлагатай эсэх, нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүссэн эсэх зэрэг тодорхой шаардлагуудын хүрээнд явагддаг.
Орон нутаг, хороодод ажиллаж байгаа алба хаагчид нийгмийн халамжийн үйлчилгээг ойлгуулж, таниулахын тулд янз бүрийн харилцаа, хандлагатай иргэдтэй харилцдаг. Бидний ажлын онцлогийг ойлгодог иргэд байдаг ч өөрсдийн хүссэн үйлчилгээг авах гэсэн иргэд ч байна. Энэ дашрамд нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд ойлгуулан таниулж байгаа алба хаагчдадаа талархал илэрхийлье.
-Нийгмийн халамжийн үйлчилгээний анхан шатны нэгж хаанаас үүсдэг вэ?
-Хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн иргэдтэй уулзаж тухайн иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлэгт хамаарах, амьжиргааны түвшин сайн,эсвэл муу гэдгийг шууд тодорхойлдоггүй. Үүнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагууд байдаг. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн зэрэг байгууллагууд байдаг юм. Иргэдээс энэ талаарх мэдээллийг сайтар судлахыг хүсэж байна.
-Иргэд халамжийн үйлчилгээг хавтгайруулж олгож байна гэж шүүмжилдэг?
-Нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэж байгаа иргэн бүгд зорилтот бүлэг юм. Нийслэлийн хэмжээнд ахмад настан 155 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга орчим иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа 580 мянга гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 4,500 гаруй хүүхэд нийгмийн халамжийн зорилтот бүлэг. Нийгмийн халамжийн хуульд тодорхойлж заасан иргэн болгон зорилтот бүлэгт хамаарна. Жишээлбэл, хүүхдээ гурван нас хүртэл асарч, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байгаа ээж зорилтот бүлэгт хамаардаг. Тиймээс зорилтот бүлэг гэдгийг заавал эмзэг бүлгийн иргэд гэж ташаа ойлгож болохгүй.
-Халамжаас хөдөлмөрт шилжих ажлууд хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Халамж авагчаас хөдөлмөр эрхлэгч рүү шилжих ажлыг 2016 оноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна. Энэ ажил 2020 оноос хойш дүүрэг, аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байгаа. Үүний нэг жишээ нь, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэдээ хөдөлмөр эрхлэгч болгоё гэсэн ажил юм. Нийгмийн дунд хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийн талаар сөрөг мэдээлэл байдаг.
Амьжиргааны түвшин сайн айлууд авч байна гэсэн шүүмжлэл гардаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нэг чухал ажил бол хүнсний эрхийн үйлчилгээ авч байгаа журамд өөрчлөлт оруулж, цахимжуулах ажил юм. Өмнө нь хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг худалдан авах ажиллагааны хүрээнд шалгарсан дэлгүүрээр дамжуулан, тухайн иргэнд олгодог байсан бол одоо и-баримт цахим системд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг тэгш хамруулдаг болгоё гэж байгаа.
Иргэн хүнсний эрхийг бичгээ пин кодтой картжуулаад, тухайн картаараа НӨАТ төлөгч, и баримт системд бүртгэлтэй дурын аж ахуйн нэгжээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Мөн хөдөлмөрийн насны олон иргэнтэй өрхүүдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ рүү чиглүүлж ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах чиглэлээр өрхийн амьжиргааг дээшлүүлэх юм. Ингэснээр хүнсний эрхийн бичгийг тодорхой хугацаагаар олгодог байх, түүний дараа нөхцөл байдлын үнэлгээ хийж, амьжиргааны түвшин дээшилсэн бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасаж, дараагийн зорилтот айлаа дэмжих арга хэмжээг авах юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс